"Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар Засгийн газраас дэмжлэг хүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай холбоотой асуудлаар Засгийн газраас дэмжлэг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлжээ.
Тодруулбал "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцааны 49 хувь ОХУ-аас Монголын талд шилжсэнтэй холбогдуулан манай улсад гэрээгээр ажиллаж буй нэр бүхий мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн гэрээ удахгүй дуусгавар болно. Тиймээс Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд дараах хүсэлтийг тавьжээ. Үүнд,
Нэг. Гэрээт мэргэжилтнүүд буцсаны дараагаар тус үйлдвэрт тодорхой ажлын орон тоо гарах бөгөөд уг ажлын байрыг хэвээр хадгалж, Эрдэнэт хотын оршин суугчдыг ажлын байраар хангах.
Хоёр. Дээрх гадаадын мэргэжилтнүүдийн ажиллаж амьдарч буй орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлж, Монгол Улсын гурав дахь томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотыг босголцсон, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрийн шугамаар орон сууцжуулах бүрэн бололцоотой гэжээ.
Тиймээс дээрх хоёр саналыг судлан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд тодорхой чиглэл өгсөн Засгийн газрын тогтоол гаргаж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ