УВС: Гоожуурын хүрхрээ 17 метрийн өндрөөс буудаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/.
Гоожуурын хүрхрээ нь Ховд сумын нутагт Хархираа,
Түргэний уулсын баруун урд талд Олон нуурын уулс
дунд оршдог, Увс аймгийн байгалийн
үзэсгэлэнт 9 газрын нэг юм.
Шивэрийн
голын зүүн цутгал нь Гоожуурын голд 17
метрийн
өндрөөс унадаг бөгөөд нутгийнхан үүнийг Хүрэн хадны хүрхрээ хэмээн нэрийддэг боловч ерөнхий нэршил нь Гоожуурын хүрхрээ юм.
Гоожуурын хүрхрээ оршдог Олон нуурын уулс нь далайн түвшнээс дээш 3000
метрийн өндөрт оршдог. Мөнх цас, сүрлэг
хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20
зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Мөн том, жижиг нийлсэн 108 нууртай бөгөөд нуурууд нь шар, ногоон, сүүн
цагаан зэрэг өнгөтэй. Тэрчлэн хосоор ургадаг вансэмбэрүү цэцэг энэ бүс нутагт
ихээр ургадаг юм.
Гоожуурын хүрхрээг болон вансэмбэрүү цэцгийг харахаар жил
бүрийн зун олон гадаад, дотоодын жуулчин зорьж очдог байна.
Гэхдээ зам нь амаргүй, бартаа ихтэй. Наана нь байрлах жуулчны баазад машинаа үлдээгээд 2 км газар өгсөж, эсвэл мориор Гоожуурын хүрхрээнд очдог.