АРХАНГАЙ: Хүүхдийн зуны спортын наадамд 167 тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-09 14:11:31

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриатай Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотын 19 байршилд боллоо.


Архангай аймгаас 17 төрөлд, 167 тамирчин оролцож, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.


Биеийн тамир, спортын улсын хорооноос танилцуулсан нэгдсэн дүнгээр 21 аймаг, 9 дүүргийн 30 багаас Архангай аймгийн баг тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл нийт 16 медаль хүртэж, чансаагаараа 14-т эрэмбэлэгдсэн байна.


Энэхүү зуны наадмын шигшээ шатанд 21 аймаг, 9 дүүргийн 6120 шилдэг тамирчин спортын 31 төрлийн, 271 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Медаль тус бүрээр нь харвал 261 алт, 255 мөнгө, 339 хүрэл нийт 868 медаль хүртжээ.


Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2018 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн халамж халааг бэлтгэх зэрэг олон ач холбогдолтой.


Өмнөх наадмаас онцлох зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын гурван төрөлт тэмцээнийг тус наадамтай зэрэг зохион байгуулснаас гадна шинээр бөхийн сонгомол төрлийг нэмсэн, хувь тамирчны шинэ амжилтууд бүртгэгдсэн зэрэг байлаа.


Тус наадмын урьдчилсан шатанд орон даяар 30 багийн 9-17 насны 15000 гаруй хүүхэд оролцсон байна. 

Холбоотой мэдээ