Монголын 13 сумоч качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-27 09:25:54

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башё өндөрлөв.


Энэ башёд Монголын 20 бөх таван зиндаанд хүч үзсэнээс 13 нь качигоши буюу тавиас дээш хувийн амжилт үзүүлж, долоодугаар сард чансаа ахих нь тодорхой боллоо. Башёгийн эхний 14 өдөр огт уналгүй тэргүүлж явсан озэки Оносато сүүлийн барилдаандаа 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэнд өвдөг шороодсон. Гэсэн ч тэр ёкозүнагийн болзлыг давуулан биелүүлсэн учраас сумогийн 75 дахь аварга болох нь тодорхой болов. Түүнчлэн Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа өргөх болзлыг башё дуусахаас хоёр барилдааны өмнө хангасан юм. Тэр мэргэжлийн сумод орсоор 13 башё буюу хамгийн богино хугацаанд барилдаад ёкозүна цол хүртсэн түүхэн амжилтын эзэн боллоо. Ингэснээр долоодугаар сард ёкозүна цолтой хоёр бөх барилдах нь.


Харин озэки цолтой ганц бөх үлдсэн нь Котозакүра. Тэгвэл дараагийн озэкид хамгийн өндөр магадлалтай нь сэкивэка Киришима Б.Лхагвасүрэн, комүсүби Вакатакакагэ ажээ. Киришимагийн хувьд 11 даваатайгаар гиношо буюу уран барилдааны шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Тамашохо Э.Энхманлай ирэх башёд буцаад жюүрёодоо унах бол Кёкүкайюү Ш.Далайбаатар сэкитори цолтон болох магадлалтай байна. Түүнчлэн Оошёоүма П.Дэлгэрбаяр 10 даваатай башёг дуусган комүсүби цолонд хүрэх боломжтой болов. Жониданы 61-т эрэмбэтэй улсын начин Д.Сэржбүдээгийн хүү Тэнросой С.Лувсангомбо долоон даваатай башёг дуусгалаа. Тэрбээр сүүлийн өдөр түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаанд ялагдсан юм. Монгол бөхчүүдийн зуны башёг ямар амжилттай дуусгасныг хүргэе.


Макүүчи зиндаа

З-Ё Хошёорюү С.Бямбасүрэн 12-3

Б-С Киришима Б.Лхагвасүрэн 11-4

З-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9

Б-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-11

З-6 Оошёоүма П.Дэлгэрбаяр 10-5

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 10-5

Б-14 Рога А.Амарсанаа 9-6

З-17 Тамашохо Э.Энхманлай 4-11

Жюүрёо зиндаа

З-12 Миторюү Б.Төрболд 8-7

Макүшита зиндаа

Б-2 Дэванорюү Т.Тэмүүлэн 3-4

З-5 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-2

З-6 Дайшохо Ч.Шижирбаяр 1-6

Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-2

Б-22 Казэноүми Ц.Билгүүн 5-2

Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4-3

З-35 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4

З-46 Госэйзан Б.Мөнх-Од 3-4

Б-48 Котокэнрюү Г.Билгүүн 4-1

Санданмэ зиндаа

Б-6 Саданохикари Д.Наранцогт 5-2

Жонидан зиндаа

З-61 Тэнросэй С.Лувсангомбо 7-0







Холбоотой мэдээ