ГОВЬ-АЛТАЙ: Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-26 08:09:04

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Чинбатын хөгжлийн хөтөлбөрт багтсан "Цахим Алтай" дэд хөтөлбөрийн хүрээнд бүх сумыг киоск машинтай болгох ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.


Говь-Алтай аймгийн бүх суманд төрийн үйлчилгээний “Хурдан” өөртөө үйлчлэх киоск машинууд албан ёсоор нэвтрэх боломж бүрдэж, тавдугаар сарын 25-нд Хөхморьт сумын Овгор шард зохион байгуулсан төрийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Баян-Уул, Дарив, Хөхморьт суманд киоск машиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр иргэд сумын төвөөсөө:

-Иргэний үнэмлэхийн лавлагаа

-Төрсний, гэрлэлтийн, нас барсны гэрчилгээний хуулбар

-Татвар, нийгмийн даатгалын мэдээлэл

-Өмч, газрын бүртгэлийн мэдээлэл гэх мэт төрийн 30 гаруй үйлчилгээг хормын дотор авах боломжтой боллоо.


Технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлсэн энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралыг хялбаршуулах зорилготойг мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат онцлон хэлж байлаа.

Холбоотой мэдээ