Д.Трампад бэлэглэсэн онгоцыг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-22 11:27:19

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 22 /DW/. Катар улсаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад бэлэглэсэн 400 сая ам.долларын үнэ бүхий “Boeing 747” нисэх онгоцыг албан ёсоор хүлээн авсан тухай Пентагоны тэргүүн Пит Хегсет мэдэгджээ. 


Уг онгоцыг "аюулгүй байдал, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн тоноглох" бөгөөд үүний дараа албан ёсоор ерөнхийлөгчийн онгоц болгоно гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Парнелл мэдэгджээ. Онгоцыг шинэчлэхэд хоёр жилийн хугацаа шаардагдах бөгөөд онгоцны өртгөөс хэд дахин их зардал гарч магадгүй байна. 


Үүний зэрэгцээ нисэх онгоцыг шилжүүлэн өгөх гэрээг хараахан хийж дуусаагүй, хуулийн багуудын хэлэлцээ үргэлжилж байгаа тухай CNN суваг мэдээлжээ.


Д.Трампын засаг захиргаа Катарын хааны гэр бүлээс тансаг зэрэглэлийн “Boeing 747-8” онгоцыг бэлгэнд авах гэж байгаа тухай хэвлэлүүд тавдугаар сарын 12-нд мэдээлсэн юм. Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа “нисдэг ордон” гэгддэг уг онгоцыг өмчлөх эрхийг өөрийнх нь нэрэмжит Ерөнхийлөгчийн номын санд шилжүүлэх ажээ. 



Холбоотой мэдээ