БУЛГАН: Сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг сайжруулах хугацаатай үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-21 21:44:43

Булган, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсохоор бүх сумаа тойрч байгаа бөгөөд өнөөдөр Баяннуур суманд ажиллаж байна.


Баяннуур сумын цэцэрлэг 80 хүүхдийн багтаамжтай боловч 134 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. 


Тус сумын 120 хүүхдийн суудалтай 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагад ажил сайжруулах хугацаатай үүргийг өглөө.


Мөн Баяннуур сумын худгийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг 2026 оны төсөвт суулгах, сумын ЗДТГ-ын шинэ барилгын зураг төсөв хийлгэх, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.


Баяннуур сумын “Зөв” өрхийн гишүүд болон багийн Засаг дарга нар, сургуулийн нийгмийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч нартай хамтарсан уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсролын газрын дарга, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын мэргэжилтнүүд уулзаж төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авлаа.


Уулзалтаар амьжиргааг дэмжихээр сонгогдсон өрхийн гишүүдийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон, сумын нийгмийн ажилтан, багийн Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч нарын яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах чиглэлийг өглөө.


Малчдын төлөөлөл Б.Баяндалай, Таван овоот Наран хана хоршооны гишүүн, фермерийн аж ахуй эрхлэгч О.Наранцогт нарын хотонд ажиллалаа. Баяннуур сум 463 малчин өрхийн 77553 толгой мал өвөлжүүлж хаваржуулж байна. Өнөөдрийн байдлаар 29325 төл мал хүлээн авсан байна. 2023-2024 оны өвөл, хавар хорогдсон малаа "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд олгосон зээлээр нөхөн авч, тулгамдаж буй хашаа хоршоо, фермерийн үйл ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа авч хэрэглэж буйгаа мөн хэлж байв.








Холбоотой мэдээ