Сансарт супер компьютерын сүлжээ байгуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-05-19 16:04:04

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 19 /Space News/. Хятадын компани тойрог замд супер компьютерын сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Нийт 2800 хиймэл дагуулаас бүрдэх уг сүлжээний эхний 12 хиймэл дагуулыг хөөргөсөн байна.


“Zhijiang” лаборатори болон “ADA Space”, “Neijang High-Tech Zone” компаниуд хамтран бүтээсэн уг хиймэл дагуулууд нь газрын станцаас хамаарахгүйгээр цуглуулсан мэдээллээ бие даан боловсруулах хүчин чадалтай гэж “ADA Space” компанийн мэдэгдэлд дурдсан байна. 


Эдгээр хиймэл дагуул нь “ADA Space” компанийн "Star Compute" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Three-Body Computing Constellation" нэртэй төслийн эхний хиймэл дагуулууд юм. Хөөргөсөн 12 хиймэл дагуул тус бүрд 8 тэрбум параметртэй хиймэл оюуны загварыг суурилуулсан бөгөөд нэг секундэд 744 тера-үйлдлийг (TOPS) гүйцэтгэх чадалтай. TOPS нь хиймэл оюуны тооцоолох хүчин чадлыг хэмжих нэгж юм. "ADA Space" компанийн мэдээлснээр, эдгээр хиймэл дагуул нийлээд секундэд 5 пета-үйлдлийг (POPS) гүйцэтгэх чадалтай бөгөөд энэ нь "Microsoft Copilot" суурин компьютерт шаардлагатай 40 тера-үйлдлээс (TOPS) бага зэрэг илүү үзүүлэлт юм. Энэхүү төслийн эцсийн зорилго бол нийт 1000 POPS-ын тооцоолох хүчин чадал бүхий хэдэн мянган хиймэл дагуулын сүлжээ байгуулах юм.


“Space News” цахим хуудсанд мэдээлснээр, хиймэл дагуулууд хоорондоо лазерын холбоогоор секундэд 100 хүртэл гигабитын хурдтай мэдээлэл солилцдог бөгөөд 30 терабайт багтаамж бүхий санах ойтой ажээ. Өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн 12 хиймэл дагуулаар гамма туяаны тэсрэлт зэрэг богино хугацаанд явагддаг сансрын үзэгдлийг илрүүлэх рентген туяаны туйлшрал хэмжигч төхөөрөмжүүдийг сансарт гаргажээ. 



Холбоотой мэдээ