ТӨВ: Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар өнөөдөр эхэллээ.
Сургалтад аймгийн бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 100 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
Монгол Улсын Шадар сайд Төв аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг үг хэлэхдээ, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлсэн. Үүний дагуу сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх ажлыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдаа холбоотой ажиллагааны үр дүнд бид гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах бүрэн боломжтой учраас энэ удаагийн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.
Өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Мөн албадын харилцан ажиллагаа, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга, зуд, үер, хүчтэй салхи, шуурга, гал түймрийн аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ, штабын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. Тус команд штабын сургууль энэ сарын 8-ны өдөр цагийн байдал дээр ажиллаж үргэлжилнэ.
Төв аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд 1119 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 165 хүн амиа алдаж, 710.3 мянган толгой мал, амьтан хорогдож, 12 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Үүнээс обьектын гал түймэр хамгийн их буюу 50 хувь, хүний үйл ажиллагаатай аюулт үзэгдэл, осол 24 хувь, биологийн гаралтай өвчлөл 11 хувь, ой, хээрийн түймэр 9 хувь, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 5.1 хувь, геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.9 хувийг тус тус эзэлж байна.