ЗАВХАН: Астмад бүх хүнд тохирсон нэг эмчилгээ гэж байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-07 11:34:17

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар астма өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг 230 гаруй иргэнд өгчээ. 


Завхан аймгийн хэмжээнд халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын өвчнүүд ордог. Тухайлбал амбулаториор жилд давхардсан тоогоор 5122 хүн үйлчлүүлдэг, үүний 70-100 нь астма оноштой байна. Тиймээс астмаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулахад илүү анхаарах нь чухал юм гэж эмч нар сануулж байна.


Ялангуяа хүүхэд, өсвөр насныхан, залуусын дунд мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байгаа нь харамсалтай юм. 

-Манай амбулаториор жилд давхардсан тоогоор 5122 хүн үйлчлүүлдэг. Эдгээр иргэд ханиад гэсэн оноштой ирдэг, гэвч ихэвчлэн астмаар өвчилсөн. Зарим өвчтөн өвчнөө хүндрүүлэн дур мэдэж оношилж эмчилсэн тохиолдол их байдаг.


Хүмүүс өөрсдөдөө астма гэсэн онош тавиад бие биенээсээ асууж харшлын эм уух тохиолдол түгээмэл.


Харшлын эм уугаад хэсэг хугацаанд шинж тэмдэг нь багассан ч эмээ зогсооход өмнөх шинж тэмдэг бүр нэмэгдэж, хүнд хэлбэрээр илэрдэг. Тиймээс эхнээс нь уушгины нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон оношилгоог баталж эмчилгээ хийлгэх нь зүйтэй.


Астмад бүх хүнд тохирсон нэг эмчилгээ гэж байхгүй.


Эмийн болон эмийн бус эмчилгээнүүд бий. Эмийн бус гэдэг нь өөрийн астмаг хянах төлөвлөгөөг маш сайн боловсруулж түүнийгээ баримтлах, зөв хооллох нь чухал юм. 

-Хотын тоосжилт, агаарын бохирдол, үйлдвэрлэл ихэссэнтэй холбоотой астма өвчний тохиолдол нэмэгдэж байна. Мөн зөвхөн өвөл гэлтгүй жилийн дөрвөн улиралд агаарын бохирдол их байгаатай холбоотой юм. Агаарын бохирдлын шалтгаан нь ялангуяа насанд хүрэгчид астма өвчнөөр өвчлөхөд илүүтэй нөлөөлж байна.


Түүнчлэн астма өвчний талаарх мэдлэг ойлголт муу, мэргэжлийн эмчид хандахгүй, гэрээр дур мэдэн эмчилгээ хийх хандлага их байгаа нь амьсгалын замын өвчлөлийг бууруулахгүй, астматай болох эрсдэлийг бий болгож байна. Ялангуяа хаврын улиралд дархлаа унах, мөн зуны улиралд ургамлын харшилтай хүмүүс илүү урьдчилан сэргийлэх, хугацаа алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.


Эмийн бодисууд астма өвчнийг сэдрээдэг. Ялангуяа аспирины шалтгаантай астма гэж бий. Астматай, суурь харшилтай хүмүүс эмийг маш болгоомжтой хэрэглэх ёстой. Аспирин болон бусад өвчин намдаах, үрэвсэл дарах, халуун буулгах үйлчилгээтэй эмүүдийг аль болох эмчийн хяналт, заалтаар хэрэглэх хэрэгтэй.


Мөн биеийн хүчний ачаалал нь сэдрээх хүчин зүйл болдог. Дасгал хөдөлгөөн биед сайн гэх боловч хэт ачаалалтай дасгал хийж болохгүй. Түүнчлэн цаг агаарын тааламжгүй байдал буюу агаарын даралт ихсэх, буурах, агаарын чийгшил хэт ихсэхтэй холбоотой астма өвчин сэдрэх гол нөлөө болдог.


Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг хүчин зүйл нь сэтгэл санааны байдал.

Сэтгэл түгшил, сэтгэл гутрал нь астмыг сэдрээх гол хүчин зүйл болж байна. Манай тасагт сэтгэл зүйн шалтгаантай астма сэдэрч хэвтэн эмчлүүлж буй хүмүүс нэмэгдсэн.


Амьдралын хэв маяг ба астма өвчин таргалалт, тамхидалт, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан сэдэрдэг. Нэгэнт ажлаас болж астма сэдэрч байгаа бол аль болох мэргэжлээ солих байдлаар эрүүл мэнддээ анхаарахыг нөлөөллийн ажлын үеэр өвчтнүүд, иргэдэд таниуллаа. 


Ер нь олон нийтийн дунд амны хаалтыг хэрэглэж хэвших. Энэ нь тоосонцор, вирус, элдэв хурц үнэртэнд агуулагдах сэдрээгч бодис зэргээс хамгаалах гол хамгаалалт юм. Үүнээс гадна дархлаагаа үргэлж дэмжих, ойр ойрхон ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Томуугийн товлолт вакцинд хамрагдах нь урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй. 


Жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийн мягмар гарагт астматай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд "Астмын эмийг хүн бүрд хүртээмжтэй болгоё" уриан дор тэмдэглэж байна.


Тиймээс астматай гэж оношлогдсон иргэдэд зориулсан эмийн талаарх, ойлголт мэдлэг өгөх нөлөөллийн ажлуудыг хийж байна. Мөн энэ өдрийн хүрээнд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд төлөвлөгөө гарган, сургалт хийж, 230 гаруй иргэнд зөвлөгөө мэдээллийг өгсөн гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн Уушги судлалын эмч М.Амаржаргал мэдээлэв. 


Холбоотой мэдээ