Пентагоны офицеруудыг 20 хувиар цомхотгохыг үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 6 /AP/. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Америкийн армийн хамгийн өндөр цолтнууд болох дөрвөн одтой генерал, адмиралуудын тоог 20 хувиар цомхотгох тушаал өгчээ.
Даваа гарагт гаргасан санамж бичигт тэрбээр мөн генерал болон адмиралуудыг 10 хувь, Үндэсний гвардын генералуудыг 20 хувиар цомхотгохыг уриалжээ. Энэхүү цомхотгол нь генерал, адмиралын орон тоог цөөрүүлэх замаар удирдлагыг оновчтой болгох зорилготой гэж санамж бичигт дурджээ.
П.Хегсет “цөөн
генерал, олон цэрэг” гэсэн
үгтэйгээр X хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ “илүү олон генерал, адмиралтай байлаа гээд илүү амжилтад хүрэхгүй” хэмээн хэлсэн байна.
Энэ оны нэгдүгээр
сард Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үүрэгт ажилдаа орсноос хойш Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах яаманд хийсэн хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлтийн дараа
дээрх шийдвэрийг гаргажээ. Хоёрдугаар сард Д.Трамп Штабуудын
дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Чарльз К.Брауныг халсан юм.
Түүнчлэн сүүлийн
гурван сард Тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалалтын албаны дарга нар, Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн агентлагийг
тэргүүлж байсан генерал, Агаарын цэргийн хүчний штабын дэд дарга, НАТО-д
томилогдсон Тэнгисийн цэргийн адмирал, цэргийн гурван хуульчийг мөн
ажлаас нь чөлөөлсөн байна.
Үүний зэрэгцээ Пентагонд ажилладаг энгийн ажилтнуудын тоог хамгийн багадаа 5 хувиар цомхотгох, ажилд авахыг зогсоохыг даалгажээ.