“СОР-17” хурлын төсвийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд энэ сарын 5-нд ажиллаж, салбарын эрх зүйн шинэчлэлийн зорилт, үйл ажиллагаатай танилцав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа уулзалтын
эхэнд хэлэхдээ, Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон
янз байдал, Цөлжилтийн эсрэг тэмцэх тухай олон улсын гурван том конвенцод
нэгдсэн. Дээрх конвенцуудын хүрээнд хоёр жил тутам судалгаа хийдгийг дурдаад
дэлхий нийтээрээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд төр засгаас ихээхэн холбогдол өгч оролцож, энэ чиглэлийн томоохон хурлыг өндөр
хэмжээнд зохион байгуулдаг болсон гэлээ. Мөн Монгол Улс 2026 онд “СОР-17"
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион
байгуулахаар болсныг онцлон тэмдэглээд, энэхүү ажилд Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийг идэвхтэй, манлайлж оролцохыг
хүсэв.
Уулзалтын үеэр тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын
дарга X.Мөнхзул байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын эрх зүйн
шинэчлэл ба үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр “Монголын хөгжлийн
ирээдүй биологийн олон янз байдал, генетик нөөц”-ийн талаарх илтгэлдээ амьтан,
ургамал, ой, усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хэрэгжилт, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, хог хаягдал,
олон улсын конвенцтой үндэсний бодлогын баримт бичгийн уялдаа холбоо,
“РИО-3" конвенцын зорилго, зорилт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын
доройтлын төлөв байдал, боловсруулж буй хуулийн төслүүд, байгаль орчны салбарт
хэрэгжиж буй нийт стандарт зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэв.
Мөн уг илтгэлд тус яамнаас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд
ногоон эдийн засаг, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бодлого,
эрх зүйн орчны шинэчлэлийг хийх, энэ хүрээнд салбарын 12 хуулийг шинэчлэн
боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч
хуулийн төслийг боловсруулахаар тусгажээ. Түүнчлэн 2050 он гэхэд
хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх хөгжлийн стратеги
(LT-LEDS)-ийг боловсруулж батлуулах, олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа газар
нутгийг тусгайлан хамгаалах “30 ба 30” хөдөлгөөнийг үндэсний
хэмжээнд хэрэгжүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж,
хамгааллын менежментийг сайжруулах, усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, усны
нөөцийг хуримтлуулах төслүүдийг эхлүүлэх, нутгийн иргэд, орон нутгийн
нөхөрлөлийн уламжлал соёл, эрхийг хамгаалж, байгаль хамгааллын үйл ажиллагаанд
хамтын менежментийн шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авахаар
илтгэлд дурдсан байлаа.
Байнгын хорооны дарга Б.Бейсен хэлсэн үгэндээ, Монгол Улс “COP-17” Цөлжилттэй
тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион
байгуулахад гишүүдийг манлайлан оролцохыг уриалж, шаардлагатай төсөв,
санхүүжилтийг шийдвэрлэхэд Байнгын хороо анхаарч ажиллана гэдгээ онцлон
тэмдэглэв. Түүнчлэн тус Байнгын хорооны гишүүд Байгаль орчин, уур амьсгалын
өөрчлөлтийн сайд болон холбогдох удирдлагуудаас танилцуулсан мэдээлэлтэй
холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гишүүд говийн бүсэд ус
татах төслийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн онцлог, нутгийн удирдлага, иргэдийн
саналыг авч, байгаль орчны нөхөн сэргээн асуудлыг тодорхой болгож, төслийн
эдийн засгийн болон нийгмийн нөлөөлөл, үр ашгийн талаар иргэдэд зөвөөр
ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг давхар хийх шаардлагатайг анхааруулж байлаа.
Мөн говийн бүсэд ус татах төслийн бүтээн байгуулалт, төсөв,
санхүүжилтийн загвар, механизм, хил дамнасан усны хэлэлцээрээр гарсан үр
дүнгийн талаар тодруулахын зэрэгцээ, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, Орхон-Онги ус дамжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн талаар
илүүтэй хөндөн лавлаж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас
мэдээлэв.