ДАРХАН-УУЛ: "Жендэрийн мэдрэмжтэй Дархан" видео контентын уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Жендэрийн салбар хорооноос санаачлан орон нутагт анх удаа “Жендэрийн мэдрэмжтэй Дархан” видео контентын уралдааныг Дархан-Уул аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Уралдаанд 10 гаруй бүтээл ирснээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж урамшууллаа.
Жендэр гэж юу вэ, зөвхөн насанд хүрсэн иргэдийн ойлгох зүйл үү? Хүүхдүүд энэ талаар ямар мэдлэгтэй байгаагаа эцэг, эх, найз нөхдийнхөө тусламжтайгаар илэрхийлж контентоо бүтээжээ.
Контентын уралдааны гутгаар байрт 56 оноогоор "Оюуны-Ирээдүй" сургуулийн 10-7 ангийн сурагч Тогтохбаатарын Энххүслэн болон түүний найзуудын бүтээл шалгарчээ.
Дэд байрт 61 оноогоор "Од" сургуулийн 8-4 ангийн сурагч Отгонбаатарын Оюунзул, "Од" сургуулийн 3-1 ангийн сурагч Отгонбаатарын Итгэл нарын бүтээл шалгарчээ. Төрсөн эгч дүүс хоёр контент бүтээж уралдаанд оролцжээ. Нэгдүгээрт жендэрийн гэх нэршил хэдийнээс үүссэн, ерөнхий ойлголтын талаар хүргэсэн бол нөгөө нь нийгмийн эрх тэгш байдал, жендэр нь зөвхөн насанд хүрсэн хүмүүст хамаатай бус хүүхдүүдэд ч, сургуулийн орчинд ч хамааралтай гэдгийг илэрхийлжээ.
Харин тэргүүн байрт 74 оноогоор Дархан сумын 6 дугаар багийн иргэн Батнасангийн Нямбатын гэр бүлийн бүтээл шалгарлаа. Тэд гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлын талаарх асуудлыг хөндөж бидний мэдэхгүй, анзаарахгүй өнгөрдөг гэр бүлийн жижиг асуудлыг ч хөндөн илэрхийлжээ. Гэрийн нөхцөлд эхнэрийн хийх ажил, нөхрийн хийх ажил гэж тусдаа ялгаж салгахгүйгээр эрх тэгш харилцан туслалцаж хамтдаа хийж бүтээхийг илэрхийлсэн контент бүтээж тэргүүн байрт шалгарчээ.
Аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/342 дугаар захирамжаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хороог 19 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. Салбар хороо өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын сүүлээр аймгийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг хийж, иргэдийг ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг хоёрдугаар сард зохион байгуулж баасан гарагт дүнгээ гаргалаа.
Мөн цаашид аймгийн жендэрийн салбар хорооноос иргэд, ААН байгууллага руу чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэв.
Уралдааны шагналыг аймгийн жендэрийн салбар хорооны дарга, аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан болон гишүүд гардуулан баяр хүргэж амжилт хүслээ.