Судалгаа, шинжилгээний чиглэлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-24 15:05:49

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Литва Улсын Цагаачлалын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, харилцан туршлага солилцох, судалгаа, шинжилгээний чиглэлээр  хамтран ажиллахаар тохиролцлоо.


Тэрбээр Бүгд Найрамдах Литва Улсын Цагаачлалын алба, Европын холбооны Төлөөлөгчийн газрын удирдлага, Бүгд Найрамдах Литва Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдтай цахимаар уулзав. Уулзалтаар хоёр улсын Цагаачлалын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцож, иргэдийн зорчих нөхцөл, гадаадын иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээг танилцуулжээ.


Гадаадын иргэн, харьяатын газар 2021-2024 онд байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахад анхаарсны дүнд гадаадын иргэнд үзүүлж буй виз, зөвшөөрлийн үйлчилгээ цахимжуулж, өнгөрсөн онд 650 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилжээ. Цахим үйлчилгээг улам хөгжүүлж, технологийн дэвшилд суурилсан, цахим системээр бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдал, программ хангамжийг хөгжүүлэх ажлыг тэргүүнд тавьж, тодорхой ажлыг үе шаттай хийж байгааг онцолсон байна. 


Уулзалтад оролцогчид ГИХГ-ын үйлчилгээний цахимжилтын үр дүнг үнэлж, Монгол Улс, Литва Улс хооронд хүн ам, газар зүйн байршил зэргээр ижил төстэй нөхцөл байдал, сорилтууд тулгардаг талаар туршлага солилцож, хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ