БАЯНХОНГОР: Өсвөр үеийнхний сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийнхэнд сэтгэлийн боловсрол олгох үйл ажиллагааг Баянхонгор аймагт анх удаа хэрэгжүүлж, "Шинэ үе - Манлайлагч" кемп сургалтыг зохион байгуулж байна. Үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 500 сурагч оролцож байна.
Сэтгэлийн боловсрол олгох кемп сургалтын үйл ажиллагааг нээж Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, “Эцэг эх бүр үр хүүхдээ сайн сайхан, зөв хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэх чин зорилго хүсэлтэй. Хэдий хаа хаанаа хичээж буй ч нийгмийн хөгжлийн аясаар зарим асуудал орхигдох, цахимжсан давуу хэрэглээ нь хүүхдийг зарим буруу нөхцөл рүү хөтлөх зэрэг үр дагаврыг дагуулсаар байна. Үүнийг олж харж хүүхдийн сэтгэл рүү өнгийсөн, тэдний хөгжил рүү анхаарч, асуудлыг ул суурьтайгаар багцлан ойлгож мэдүүлэхээр зорьсон томоохон ажил эхэлсэнд баяртай байна" гэдгийг онцолж байв.

Сургалтаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт байдаггүй, өсвөр үеийн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, харилцаа хандлага, зан суртахуун, хөгжил төлөвшилд анхаарах олон талын мэдлэг олгож байна. Хүүхдэд багаас нь амьдралын зөв эхлэл суурь тавьж өгөх, арга барил, мэдлэг мэдээллээр хангаж, насан туршдаа суралцах хэрэгцээг ойлгуулах чиглэлээр мэдлэг мэдээлэл өгч байгаа юм.
Хөтөлбөрт олон улсын хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн агуулгыг багтааснаараа сурагч өөрийгөө танин мэдэх, хянах, тунгаан бодох, сэтгэн бодох, харилцаа үүсгэх, харах өнцгөө өөрчлөх, зайлсхийх сэтгэлээс даван туулах олон чадварт суралцаж байна.