Хятадын тагнуулчид Америкийн нууцад нэвтэрсээр байна

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-28 14:51:18

ВАШИНГТОН./TASS/. АНУ болон БНХАУ-ын хооронд сөргөлдөөн дэгдсэн тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх АНУ-ын Батлан хамгаалах яамны нууц мэдээллүүдийг  Хятадын тагнуулын байгууллагынхан олж авсан байна. Энэ тухай Washington Free Beacon гэдэг сүлжээний хэвлэлд бичжээ.

Тус хэвлэл Америк-Хятадын харилцаан дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүчин зүйлийн талаар бэлтгэсэн Конгрессын комиссын илтгэлээс иш татан дээрх мэдээллийг цацсан байна.

Хятадын тагнуулчдын үйл ажиллагаа сүүлийн 15 жилийн хугацаанд АНУ-д эрс идэвхжиж байгаа бөгөөд тэд ялангуяа Холбооны мөрдөх товчоо, Номхон далайн командлал зэрэг байгууллагуудыг онилон ажиллаж байгаа аж.

Дээрх илтгэлд хурандаа Бенжамин Пирс Бишоп-той холбоотой нэг тохиолдлыг дурдсан байна. Номхон далайн командлалд ажилладаг байсан тэрбээр хятад гаралтай өөрийн найз бүсгүйд  MQ-9 Reaper гэдэг нисгэгчгүй онгоцны тухай болон цөмийн хүчийг байрлуулах нууц төлөвлөгөөний талаар ярьсан байна. Түүнээс гадна, “Батлан хамгаалах яамны Хятадын талаар баримтлах стратеги” гэдэг маш нууцын зэрэглэлтэй илтгэлд дурдсан нарийн ширийн зүйлсийг хятад бүсгүйд ярьсан аж.

Иймэрхүү мэдээллийг Хятадын тагнуулчид өмнө нь ч мөн авч байсан гэнэ. Тухайлбал, 2010 онд Номхон далайн командлалын ахлах ажилтан Жеймс Фондрен Хятадын талаар 2008 онд бэлтгэсэн Пентагоны илтгэлийг хятадуудад өгч байжээ. Мөн Грегг Бергерсон гэдэг өөр нэгэн ажилтан Хятадын талд ажиллан мэдээлэл дамжуулж байсан гэнэ.

Энэ бүхэнтэй холбогдуулан Конгрессын илтгэлд дурдахдаа “АНУ-ын цэргийн төлөвлөгөө болон зэр зэвсгийн нөөцийн талаарх мэдээллийг дамжуулж байгаа нь манай улсын үндэсний аюулгүй байдалд нэн хор хөнөөлтэй” гэсэн байна.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ