БАЯНХОНГОР: Салхины хурд 28-30 м/с хүрч шуурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-26 12:22:31

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүчтэй шороон шуургатай байна.


Энэ сарын 25-ны өдөр салхи баруун хойноос Бөмбөгөр, Жинст, Эрдэнэцогт сумд 28-30 м/с хүрч, бусад нутгаар 12-18 м/с, зарим үед 25 м/с хүрч, 26-ны шөнө Богд, Баянговь, Жинст, Баянцагаан, Эхийнгол сумдаар 16-20 м/с, зарим үед 25-28 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурлаа.


Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт иргэн Г-ийн 4 ханатай гэр 2025.03.24-ний өдрийн 13:10 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурж, дотор нь хүн дарагдсан тухай мэдээлэл мөн өдрийн 13:12 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч очиход 4 ханатай гэр нурж, иргэн Г /51 настай, эмэгтэй/ гэр дотор дарагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэний биеийн байдал хэвийн байгаа юм.


Мөн 2025.03.25-ны өдрийн хүчтэй шуурганд Баянхонгор сумын 10-р багийн 124 дүгээр байрны дээвэр хууларсан байсныг аймгийн Онцгой байдлын газар, ЗДТГ-ын албан хаагчид аюулгүй болгожээ.


Хүчтэй шороон шуурга өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг хүргүүллээ. Цасан болон шороон шуургатай үеэр ямар арга хэмжээ авах вэ?

-Хүчтэй салхи шуургатай үед гадагш гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
-Гэр, орон байрнаасаа зайлшгүй гарах тохиолдолд хүүхдээ асран хамгаалагчтай үлдээх,
-Төөрч, осгохоос болгоомжлох, нөмөр газар бараадах,
-Цас, хүйтэн агаараас хамгаалж малгай, бээлий өмсөх, ороолт зүүх, нүдний шил зүүх,
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ