Хороодын хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянган төгрөгөөр нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-25 15:21:03

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна.


Өнөөдрийн хуралдаанаар “Метро” байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжих, хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэж байгаа юм.


Тэгвэл хороодын хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянган төгрөгөөр нэмж, 1.2 сая болгохыг хэлэлцэхэд олонхын саналаар дэмжжээ. Ингэснээр хэсгийн ахлагчид ирэх сарын 1-нээс эхлэн 1.2 сая төгрөгийн цалинтай болж байна.


Нийслэлийн есөн дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг аж. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Ингэхдээ сарын нэг сая төгрөгийн цалинтай ажилладаг байжээ.

Холбоотой мэдээ