Өмнөговь аймгийг анх байгуулж байсан түүхэн өдөр тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг 1931 оны гуравдугаар сарын 25-ны өдөр анх байгуулж байжээ.
Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр 1928 оноос эхлэн шат дараалан гарч байв. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадахгүй байгаа зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн байна.
Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулахад Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгаас таслан Өмнөговь аймгийг шинээр байгуулж байжээ.
Ийнхүү 1931 оны есдүгээр сард хоёр эсгий гэр, 20 мянга гаруй төгрөгийн бараа, хоёр орон тоотойгоор үүсэж, анхны даргаар төр нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу томилогдон ажиллаж байсан түүхтэй. Тус аймаг нь Монголын хамгийн том газар нутагтай далайн түвшнээс дээш 1406 метр өндөрт оршдог.
Аймгийн төв нь Даланзадгад сум 165.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй Улаанбаатар хотоос 553 километр зайтай.
Тэмээний тоогоор улсдаа тэргүүлж, 2024 оны жилийн эцсийн байдлаар 148.2 мянган толгой тэмээ тоолуулжээ.
Тус бүс нутагт алдарт говь гурван сайхан уул, борзон, галба, зээмэг, заг, сүүж гэх мэт олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтой.
Монгол Улсын хамгийн дулаан бүс төдийгүй эрс тэс уур амьсгалтай, хамгийн их
салхилдаг нутаг билээ.
Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг. Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байв.
Монгол орны өмнөд хил хязгаар болох
бүс нутаг учрааc 40-60
морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд
хилийн эргийн бааз хүртэл
2000 км замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын
тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг тэмээн жингээр зөөдөг байжээ.
Харин 1954 онд Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халжээ.
1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ.
Социализмын бүтээн байгуулалтаар 1943 онд шалгарч "Алтан гадас" одонгоор шагнуулж байсан юм.
Өмнөговь аймгийн 9 гайхамшгаар Хонгорын элс-Зүүн шургуул, Баруун шургуул, Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ, Говь гурван сайхан уул-Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам, Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац, Ноён богд, Толь хад-Саран хөндий, Гурван түшмэл, Алгуй улаан цав-Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь, Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр, Сангийн далай хийд, Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл зэрэг багтдаг.
Өмнөговь аймаг нь зэс, алт, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Мөн маш их дулаан гаргадаг Тавантолгойн нүүрсний орд нөөцтэй.
Хүн
амын хувьд үндсэн 80
гаруй мянган хүн амтай. Өмнөговь
аймгийн эдийн засаг ойрын ирээдүйд Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах
үйлдвэрүүдийг хөгжүүлэх, Мал аж
ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэмүү өртөг шингээсэн байдлаар боловсруулах, гадаадын жуулчдыг татах эко-аялал
жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд төвлөрөн ажиллахаар зорьж байна.