БАЯНХОНГОР: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болон маргааш аймгийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос 28-30м/с давж ширүүсэж хүчтэй салхилж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах тул малчид, иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх хугацаанд салхи шуургатай ихтэй байх ба хугацааны дунд үеэс эрс хүйтрэх төлөвтэй. 25-нд хангай уулархаг нутаг, хээр талын нутгийн зарим газраар цас орно. Салхи 25, 26-нд нийт нутгаар 9-14 м/с, зарим үед 20 м/с давж ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад нутгаар 6-11 м/с.
Агаарын температур: 25-наас хүйтэрч, хангайн уулархаг нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө -21 -26 градус, өдөртөө -12 -17 градус хүйтэн, хангайн нутгийн зүүн хэсэг, хээр тал, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө -10 -15 градус, өдөртөө -4 -9 градус, говийн нутгаар шөнөдөө -0 -5 градус хүйтэн, өдөртөө +3 +8 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0 +5 градус, өдөртөө +8 +10 градус дулаан байна.
Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх энэ өдрүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул аймгийн Онцгой байдлын газраас:
-Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,
-Мөн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах,
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто зам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг тул хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.