УВС: “Дэлхийн мөнгөний долоо хоног -2025" аяныг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-21 16:26:34

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Дэлхийн мөнгөний долоо хоног-2025" аян Увс аймагт өнөөдөр нээлтээ хийлээ. Тус аяныг "Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл" уриан дор өнөөдрөөс эхлэн ирэх сарын 17-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулж байна.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролын суурь мэдлэг, ойлголттой болох, зөв дадал, чадварт суралцах, санхүүгийн зөв шийдвэр гаргахыг дэмжих зорилгоор  “Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх Level-UP хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ дагуу сурагчдын дунд мэтгэлцээний сургалт, тэмцээн ирэх амралтын өдрүүдээр Улаангом суманд болох юм.  

Аяны хамтран зохион байгуулагчаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс, Боловсролын газар болон ХААН банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Монгол банкны Увс салбарууд тус тус ажиллаж байна.


Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас санаачлан “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 2012 оноос эхэлсэн ба өнөөдрийн байдлаар дэлхийн 176 орны 40416 байгууллага зохион байгуулж байна.


Энэ аяны зорилго нь хүүхэд, залуусыг багаас нь эхлэн санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршдог байна.


Тус хөтөлбөр нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, ялангуяа өсвөр насныхныг ирээдүйн санхүүгийн хэрэгцээг ойлгож, төлөвлөлт хийх чадвартай иргэн болгон төлөвшүүлхэд чиглэж байна.


Санхүүгийн мэдлэгтэй байх нь орлого, зарлагаа зөв төлөвлөх, хуримтлал үүсгэх, сонголтоо зөв хийх, санхүүгийн эрсдэлээс хэрхэн хамгаалах санхүүгийн эрсдэлээс зайлсхийх мэдлэг чадвартай иргэн болон төлөвших алхам юм.

 

Холбоотой мэдээ