АРХАНГАЙ: Самбо бөхийн ААШТ Хангай сумын уугуул тамирчны нэрэмжит болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Самбо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо.
Энэ тэмцээн нь Хангай сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой болохтой холбогдуулж, самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, самбо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг алт, самбо бөхийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, самбо бөхийн ОУХМ, Хангай сумын уугуул Амарсайханы Оюунгэрэлийн нэрэмжит болсноороо онцлог байв.
Тэмцээнд 10 байгууллагын 250 гаруй өсвөрийн тамирчин эрэгтэй, эмэгтэй ангиллын
нийт 36 жинд хурд хүч, уран мэх, авхаалж самбаагаа дайчлан барилдаж, аваргуудаа
шалгарууллаа.
ОУХМ
А.Оюунгэрэл нь самбо бөхийн төрлөөр тив дэлхийн дэвжээнд Хангай нутгийнхаа нэрийг
дуурсгасан анхны тамирчин юм. Энэ түүчээг үргэлжлүүлж, сумын сургуулийн багш, тамирчид
тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна.
Энэ
удаагийн самбо бөхийн ААШТ-ээс Хангай сумын зургаан тамирчин нэг алт, нэг
мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан амжилттай. Энэ амжилтаа ч бататган, дараагийн
тэмцээн уралдаануудад илүү амжилттай оролцоно хэмээн багш, тамирчид хэлж байв.
ОУХМ А.Оюунгэрэл, “Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойн босгон дээр өөрийн нэрэмжит самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна. Тэмцээнд маш олон тамирчин оролцож байгаа нь энэ төрлийн спортыг сонирхон хичээллэдэг өсвөрийнхөн нэмэгдсэнийг харуулж байна. Спорт бол тэвчээр, хатуужил, тогтмол бэлтгэл, сэтгэл, зориг зүрх зэрэг жигд байхад ялалт, амжилтыг авч ирдэг. Тийм учраас хичээгээрэй гээд дүү нартаа улам их амжилт хүсмээр байна. Тэмцээнийг зохион байгуулахад тусалсан Архангай аймгийн БТСГ, спортын төрөлжсөн сургалттай 5-р дугаар сургууль, мөн Б.Батдэлгэр багшдаа, ивээн тэтгэгч “Санфрут” ХХК-ийн захирал Д.Гончигсүрэн, “Тунгалаг суман” ХХК-ийн захирал А.Нямсүрэн, Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан, С.Ганзориг, Хангай сумын ЗДТГ болон аав, ээж, ах, дүү тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье” гэв.
Тэмцээний гол зорилго нь Архангай аймгийн аварга шалгаруулах, самбо бөхийн өсвөр үеийн дунд, ахлах насны тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, улсын аварга, VIII хүүхдийн спортын их наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, орон нутгаас төрөн гарсан алдар цуутай тамирчдыг алдаршуулах, тамирчдын ур чадвар, бэлгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх юм.