Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, бусад бооцоот таавар, тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ тухайд “Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл, 2023 онд эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 оны байдлаар тус гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Уг гэмт хэрэгт 18-39 насныхан голчлон холбогдож буй.
Санхүүгийн мөрдөн шалган ажиллагааны мэдээллээс үзвэл, манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гаднын улс руу шилжсэн байна. Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоом эрхлэн явуулдаг 6000 домайн хаягийн хандалтыг хязгаарласан хэдий ч холбоосуудыг нь сольж, үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна.
Иймд Монополын эсрэг газраас өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу зөрчилтэй аж ахуй нэгжид торгууль ногдуулахад ердөө 13 сая төгрөг болжээ. Иймд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх төрлийн үйл ажиллагааг бүрэн хориглохоор хуульчлах гэж байна” гэлээ.