Д.Трамп Оросын эсрэг хоригийг сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 28 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп Украины талаар явуулж буй “бодлого, үйл ажиллагаатай” нь холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хэд хэдэн хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгажээ.
Эдгээр хязгаарлалт нь "2025 оны гуравдугаар сарын 6-наас хойш үргэлжлэн хэрэгжинэ" гэж АНУ-ын холбооны бүртгэлийн цахим хуудсанд байрлуулсан тайлбар бичигт дурдсан байна.
Ерөнхийлөгч Барак Обама, Д.Трамп болон Жо Байден нарын үед 2014, 2018, 2022 онд авсан хориг арга хэмжээнүүдийг сунгажээ. ОХУ-д Крымийг нэгтгэсний хариуд эхний хориг арга хэмжээг авч байсан бол 2022 онд ОХУ-ын цэргүүд Украин руу довтолсны дараа дахин хориг арга хэмжээ авсан юм.
"Оросын явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод онцгой аюул учруулсан хэвээр байна" гэж дээрх баримт бичигт дурджээ.