Норвегийн сангаас Израилын компаниудад хөрөнгө оруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-13 08:53:02

ОСЛО, 2025 оны наймдугаар сарын 13 /DW/. Ёс суртахууны зарчмуудад үндэслэн Израилын 11 компанид оруулсан хөрөнгө оруулалтаа зогсоож, холбогдох гэрээ хэлцлүүдийг цуцална гэдгээ Норвегийн төрийн тэтгэврийн сан /Norges Bank Investment Management, NBIM/ даваа гарагт мэдэгджээ. Зургаадугаар сарын эцсийн байдлаар, тус сангаас Израилын 61 компанид хөрөнгө оруулаад байгааг мэдэгдэлд дурдсан байна.


“Ёс суртахууны хэм хэмжээ ноцтойгоор зөрчигдсөн”, “хүлээн зөвшөөрөхийн аргагүй өндөр эрсдэл үүссэн” гэх шалтгаанаар Израилын 11 компанийг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хассан байна.


“Газын зурваст үүссэн нөхцөл байдал бол маш ноцтой хүмүүнлэгийн хямрал мөн. Дайны нөхцөлд буй улс оронд ажиллаж байгаа компаниудад бид хөрөнгө оруулж байна. Газын зурвас ба Баруун эрэг дэх нөхцөл байдал сүүлийн үед эрс муудлаа” гэж сангийн тэргүүн Николай Танген мэдэгджээ.


Үүнээс өмнөхөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоо Норвегийн Сангийн сайдаар ажиллаж буй Йенс Столтенберг хэлэхдээ “Иордан голын Баруун эрэг, Газын зурвасыг эзлэн түрэмгийлэхэд оролцож буй компаниудад хөрөнгө оруулахаа зогсоох”-ыг шаардсан байна. Израилын байлдааны онгоцуудын засвар үйлчилгээг хийдэг Bet Shemesh Engines гэдэг компанийг санхүүжүүлэхэд Норвегийн төрийн тэтгэврийн сан оролцож байгаа нь асуудлыг хөндөх шалтгаан болжээ.


Өнөөдрийн байдлаар NBIM сангийн актив хөрөнгийн хэмжээ бараг 2 их наяд долларт хүрээд байгаа бөгөөд голдуу нефть борлуулсны ашгаас бүрддэг. Тус сан дэлхий даяарх хувьцааны 1,5 хувийг эзэмшдэг бөгөөд улс төрөөс ангид байх зарчмыг баримталсаар иржээ. Харин 2022 онд Оросын арми Украинд халдан довтолсны дараа Оросын активуудаа зарсан байна.


Норвег улс Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд Газын зурваст үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг тасалдуулахгүй байхыг Израилын талд нэг бус удаа уриалсан юм. 

Холбоотой мэдээ