Оманы Султант Улсын Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайдтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд Кайс Мухаммад Аль-Юсефтай уулзав. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан нотлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулах саналыг тавив. Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд Кайс Мухаммад Аль-Юсеф хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэрбээр чухал ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглээд, энэ хүрээнд уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсаас Оманы Султант Улс руу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар санал солилцож, цаашид хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол, Оманы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг ойрын үед байгуулахаар болов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кайс Мухаммад Аль-Юсефийг энэ онд болох Монголын эдийн засгийн форумд оролцохын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Эмэгтэй бизнес эрхлэгчдийн Олон улсын чуулга уулзалтад төлөөлөл оролцуулахыг урив гэж ГХЯ-наас мэдээллээ.