Я.Синнерийн эрхийг гурван сараар хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-16 13:05:18

МОНРЕАЛЬ, 2025 оны хоёрдугаар сарын 16 /Anadolu/. Дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн теннисчин Янник Синнерийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан тэмцээнд оролцох эрхийг нь хасахаар шийдвэрлэсэн гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ бямба гарагт мэдэгджээ.


Я.Синнер 2024 оны гуравдугаар сард сэргээшийн шинжилгээ өгөхөд клостебол гэдэг хориотой бодис илэрсэнтэй нь холбогдуулан сэргээшийн эсрэг дүрэм журмын дагуу тэмцээнд оролцох эрхийг нь гурван сараар хасах шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж WADA-гийн мэдэгдэлд дурдсан байна.


Италийн теннисчин хууран мэхлэх ямар нэг санаагүй байсан ба клостебол нь тамирчны гүйцэтгэлийг сайжруулах үр нөлөөгүй бөгөөд түүнийг дагалдан яваа хүмүүсийн хайхрамжгүй байдлын улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг WADA хүлээн зөвшөөрчээ.


Я.Синнерийн эрхээ хасуулах хугацаа хоёрдугаар сарын 9-нөөс тавдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ. Дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн албан ёсны бэлтгэл сургуулилалтдаа оролцох эрхтэй болно.


Өдгөө 23 настай итали тамирчин “ATP Tour” тэмцээний ганцаарчилсан төрөлд 19 түрүү авсны дотор 2024 оны Австралийн нээлттэй тэмцээн, 2024 оны АНУ-ын нээлттэй тэмцээн, 2025 оны Австралийн нээлттэй тэмцээнд аваргалсан билээ. 

Холбоотой мэдээ