Бага, дунд, ахлах ангид үзэх хичээлийн төрлийг цөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-14 17:15:19

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр хоёр асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсний нэг нь сурах бичгийн шинэчлэлийн тухай асуудал байлаа.


Тэрбээр “Боловсролын яам болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд 1, 2 дугаар ангийн хичээлийн ерөнхий хөтөлбөр гарч, сурах бичгийн тохирцыг тааруулж байна. Шинэчилсэн хөтөлбөрөөр бага сургууль есөн төрлийн хичээлтэй болсон. Хоёрдугаар ангиас унших бичиг, гуравдугаар ангиас англи хэлний хичээл үзэж эхэлнэ. Мөн компьютерын ухаан гэж шинэ хичээл орно.


Сургалтын хөтөлбөр, сурах бичиг шинээр боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан хугацаандаа явж байгаа. Энэ жилээс 6-9, 10-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг шинэчлэх суурь судалгааны ажил эхэлнэ. Бага сургуульд хичээлийн төрлийг цөөлсөн шиг ахлах, дунд ангид мөн цөөлөх чиглэлээр ажиллана. Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын хичээлийн төрөл тийм өндөртэйд тооцогддоггүй. Тэгэхээр хөтөлбөр шинэчлэгдсэн ч хими, физик, биологи, математикийн хичээл зайлшгүй орно.


Нэгдүгээр ангийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Сурах бичгийн зураг дээр мэргэжлийн зураач нарыг ажиллуулахаар санхүүжилтийг шийдэж байна. Зохиогчийн эрхтэй, монгол зургуудтай болно. Сурах бичгийн агуулгад нэлээд өөрчлөлт орж байна. Хүүхдийг мэдээллээр дарахаас илүү өөрийнх ажиглах, сурах арга барилыг чухалчилна. Минутад олон үг уншихаас илүү ойлгож уншихад илүү анхаарал хандуулна” гэлээ. 

Холбоотой мэдээ