100 обьектын 67 хувь нь агаарын бохирдлыг хянах багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй нийт 139 обьектын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад хамрагдсан обьектуудаас 34 нь
улирлын чанартай ажилладаг тул үйл ажиллагаа явуулаагүй байна. Харин таван
обьект төвийн дулааны шугам, хийн халаагуураар шийдсэн байсан бол үлдсэн 100-д
шалгалт хийхэд давхардсан тоогоор 496 зөрчил илрүүлжээ. Тодруулбал,
-35 хувь нь байгаль
орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй,
-70 хувь нь тухайн
жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй,
-66 хувь нь өмнөх
оны байгаль орчны менежментийн төлөвлөөг тайлагнаж дүгнүүлээгүй,
-61 хувь нь орчны
хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд агаар, хөрс, усан орчныг шинжилгээнд
хамруулаагүй,
-30 хувь нь
зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй,
-60 хувь нь утаа
шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй,
-75 хувь нь
зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй
-67 хувь нь
агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр
төлдөггүй үнсийг битүүмжилсэн агуулахад хадгалаагүй
-20 хувь нь
цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүй
-76 хувь ус
ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй
-70 хувь нь ус
ашигласны төлбөр төлсөн төлдөггүй
-42 хувь нь зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгадаггүй зөрчил, дутагдлууд илэрсэн байна.
Тиймээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон 50 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Түүнчлэн ЗХЖШ-ын харьяа цэргийн ангиуд, ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд, СЭМҮТ зэрэг төрийн байгууллагуудын усан халаалтын зуухны байгууламжид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах албан даалгавар хүргүүлсэн байна. Мөн улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүллээ.