Багш нарт тавих гомдол үргэлжилсээр байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-09 13:15:37

Өөвөрхангайд ардын багш нарын ааш авир хэрээс хэтэрч байгаа талаар иргэд 70321111 утсанд гомдоллох явдал тасрахгүй байна.

Гучин-ус сумын ерөнхий боловсролын сургуулийн нэгэн багш сурагчаа өөдөөс нь хэдэрлэлээ хэмээн уурлаж, өрөөндөө дагуулж орон үүдэн хоёр шүдийг нь булга цохисон явдал гарсан байна. Хүүхдийн эцэг, эх дээрх утсанд мэдээлэл өгсний дагуу тухайн багшийн үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах арга хэмжээ авчээ.

Мөн Арвайхээр сумын 1-р сургуулийн нийгмийн ажилтан сурагчдаа “Дүрэмт хувцас өмсөхгүй бол сургуулиас гараарай гэж байнга загнадаг”, Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэг анги тохижуулах гэж хүүхэд бүрээс 60 мянган төгрөг, Төгрөг сумын ЕБ-ын сургуулийн багш анги засварын мөнгө гэж 26 мянган төгрөг хураасан, Гучин-Ус сумын ЕБ-ын сургуулийн сурагчдад 3000 төгрөгийн үнэтэй Юнителийн дугаар шахсан зэрэг гомдлуудын мөрөөр ажиллаж, хураасан мөнгийг буцаан олгуулсан байна.

Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш 2015 оны хавар төгссөн ангийн сурагчдынхаа дурсгалын цомог хийлгэх мөнгийг хувьдаа ашигласнаас болж сурагчид одоо хэр дурсгалын цомгоо авч чадаагүй байгаа гэх гомдлыг хараахан шийдвэрлээгүй байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ