СҮХБААТАР: Эдийн засгаа тэлж, эрчимтэй хөгжих 10 төслийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг ирэх дөрвөн жилд эдийн засгаа тэлж, эрчимтэй хөгжих тулгуур 10 төслийг хэрэгжүүлнэ.
Тодруулбал, эдийн засгийг тэлэх чиглэлээр Бичигт боомтын сэргэлт, Баруун-Урт Бичигтийн даацын зам, орон нутгийн байгалийн баялагт суурилсан Нутгийн баялаг, ХАА-н бүтээгдэхүүн-шууд экспорт, Дарьганга аялал жуулчлал гэсэн таван төслийг хэрэгжүүлнэ. Харин бүтээн байгуулалтын чиглэлд шинэ суурьшлын бүсэд 70 Мвт цахилгаан дулаан хангамжийн станц барих, газар чөлөөлөлт, 3000 айлын орон сууц, үерийн далан, байгууламж барих, сумдын хөгжил гэсэн ерөнхий таван төслийг мөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан өнөөдөр болж байна. 85 хувийн ирцтэй эхэлсэн тус хуралдаааар 12 асуудлыг хэлэлцэх ба аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахаараа онцлог юм.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат ирэх жилүүдэд хийж, хэрэгжүүлэх ажлаа хөтөлбөрт хэрхэн тусгаснаа танилцуулсан
юм. Ингэхдээ Монгол Улсын "Алсын хараа 2050", Монгол Улсын Засгийн газрын бодлоготой уялдуулсны
зэрэгцээ салбар салбарын албан хаагчид болон иргэдээс санал авсан гэдгээ
онцлов. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт санал авах ажлын хэсэг 13 суманд ажиллаж, нийт 850 төрийн албан хаагч, 2500 иргэнтэй уулзжээ. Мөн иргэдээс цаасаар болон
цахимаар 514 санал ирүүлснийг хэлэлцэн тусгажээ.