СҮХБААТАР: Малын хулгайн есөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-21 17:54:02

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Тус аймгийн цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 6-20-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд мах, малын хулгайтай холбоотой 48 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол энэ төрлийн есөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.


Энэ жил өвөлжилт хэвийн цасгүй, зам харгуй саадгүй байгаа нь улсын хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс малын хулгайн гэмт хэрэг, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал мах” хэсэгчилсэн арга хэмжээг өрнүүлж, өдөр бүр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд өдөрт хоёроос доошгүй зөрчлийг илрүүлж байна. Хяналт шалгалт бол иргэд, жолооч нарыг гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ. Гэвч зөрчил гарсаар байна. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж бусдын дайвар ачааг авахдаа шалгах, хэрвээ малын мах тээвэрлэх бол заавал гарал үүслийн гэрчилгээг авах шаардлагатайг Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, ШУТ-ийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Батхүү анхаарууллаа.  


Холбоотой мэдээ