Арьс ширний төв лабораторийг шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн 1.1 сая ам.долларын санхүүжилтээр 76 нэр төрлийн 83 ширхэг, орчин үеийн, олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн тоног төхөөрөмж, шаардлагатай химийн бодисоор хангаж, бүрэн шинэчиллээ.
Ингэснээр 12 нэр төрлийн бүтээгдэхүүнд 22 үзүүлэлтийн
шинжилгээ хийж байсан бол 16 нэр төрлийн бүтээгдэхүүнд 60 гаруй үзүүлэлтийн
шинжилгээ хийх боломжтой болов. Шинжилгээний
цар хүрээ өргөжсөнөөр импортын
бүтээгдэхүүний хориотой химийн бодисын агууламжийг шинжилж, шаардлага хангахгүй
бүтээгдэхүүнийг хянах юм.
Түүнчлэн, GMP стандартын химийн шинжилгээний, хими-дээж бэлтгэлийн, физик механикийн, байгаль орчны, бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтын гэсэн 5 төрлийн лабораторитой болсон бөгөөд олон улсын түвшинд сорилт, шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх болсныг ХХААХҮЯ мэдээлжээ.