АРХАНГАЙ: Хангай сумын түүхт 100 жилийн ойн логог бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохионо. Сумын тэгш ой тохиохтой уялдуулан олон ажлыг хийхээр сумын удирдлагууд, хот, аймаг дахь нутгийн зөвлөлийнхөн төлөвлөөд байна.
Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс сумын 100 жилийн ойн логог бүтээлээ.
Логоны агуулга нь уулархаг байгалийг илэрхийлэх хурц шрифтээр сүмбэр уулсаа, өндөрлөг, салхилсан хангайгаа бичсэн бол нутгийн зон олны голлох ахуй сарлаг мал, Ноён Хатан хангай уулсаараа 100 хэмээх тоог бүтээж, нуур, гол, рашаан, булаг шандаа усан хээгээр бэлгэдэн илэрхийлсэн байна.
Дүрслэлийн бэлгэдлийг сийрүүлбэл,
-Ноён Хатан уул- Хос уулаар ертөнцийн хос ёс, арга билиг, үүрд мөнх оршин тогтнохын бэлгэджээ. Мөн байгалийн сайхан тогтоц бүрэлдсэн рашаан ус, ургамал жимс нь дэлгэрсэн үзэсгэлэнт сайхан байгалийг илэрхийлж буй бөгөөд өсөж төрсөн өлгий нутгаа хайрлан хамгаалах, шүтэн дээдлэх үзэл санааг агуулж буй.
-Сарлагийн бух-Хангай сумынхны голлох ахуй соёл, амин зуулга болсон сарлаг мал, сүүн далай нутаг болохын бэлгэдэл. Эцэг малаар төлөөлүүлж байгаа нь мал сүрэг өсөн үржих, дагаад Хангайнхны ажил үйлс, амьдрал ахуй дэвжин дээшлэхийн утга бэлгэдэл юм. Мөн эвэртэй, сүрлэг бухын дүр нь аливаа муу муухайг үлдэн хөөгч, санхүүгийн хувьд өсөлтийг илэрхийлэгч бэлгэдэлт дүр учир сонгожээ.
Хангай сум нь аймгийн төв Цэцэрлэг хотоос баруун зүгт 230 км, Улаанбаатар хотоос 700 орчим км зайд, өндөр уулсын бүсд оршино. 2025 онд Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сумд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ.