ХОВД: Ном уншигчдын тоо өмнөх оноос 20 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-11 19:18:23

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Нийтийн номын сан одоогоор 75 мянга гаруй номтой. Тус номын сангийн долоон танхимаар жилд дунджаар 44 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна. Эдгээр уншигчийн 80 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм. 


Өнөөдөр Нийтийн номын сангаас "Уншигчийн шинэ жил” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж, 2024 оны шилдэг, тэргүүний уншигчдаа шалгарууллаа.


Мөн 2024 онд бусдыгаа манлайлан номын сангийн үйл ажиллагаанд тэгш оролцож, шилдгийн шилдгээр тодорсон сургууль, байгууллага, анги хамт олныг тодруулав.


Тус үйл ажиллагаанд Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Засаг дарга Б.Амартүвшин болон соёлын салбарын төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр сумын удирдлагууд Нийтийн номын сангийн барилгыг шинэчлэх, өргөтгөх асуудлыг чухалчилж, холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал уламжлах ба номын фондыг баяжуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. 


80 гаруй жилийн түүхтэй Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон энэ онд гэр бүлийн уншлагыг дэмжихээр хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчдад чиглэсэн 60 гаруй бүтээлч ажил өрнүүлжээ. 


Мөн нүүдлийн болон явуулын номын санг алслагдсан сум, баг, зуслангийн бүсэд ажиллуулж, иргэд, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлсэн байна. Ингэснээр ном уншигчдын тоо өмнөх оноос 20 хувиар нэмэгджээ.   


Холбоотой мэдээ