Ж.Инфантино ДАШТ-2018-ын бэлгэ тэмдгийг танилцуулах ёслолд оролцохгүй

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-10-20 09:32:31

ЛОНДОН./BBC/. ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний бэлгэ тэмдгийг танилцуулах ёслолын ажиллагаанд оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирэх боломжгүй болсон тухай ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээллээ.

Тэрбээр ёслол болох өдөр Иорданд байж, 17-гоос доош насны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ний финалын тоглолтыг үзэх ажээ. Аваргын төлөөх тоглолтод Япон, БНАСАУ-ын хөлбөмбөгчид тунаж үлдээд байгаа юм.

ФИФА-гийн хэвлэлийн албаны дээрх мэдээлэл гарахаас өмнө Оросын Спортын сайд Виталий Мутко хэлэхдээ “Инфантино Москвад ирнэ” гэж байсан билээ.

ДАШТ-2018-ын бэлгэ тэмдгийг албан ёсоор танилцуулах ёслолын арга хэмжээг маргааш буюу 21-ний баасан гарагт зохион байгуулахаар товложээ. Энэ өдрүүдэд футболк өмссөн чоно, бээлийн өмссөн муур болон сансрын нисгэгчийн хувцас өмссөн бар гурваас нэгийг нь бэлгэ тэмдгээр сонгохын тулд интернэт сүлжээгээр санал асуулга явуулж байна.

Санал асуулгын дүнг баасан гарагт "Вечерний Ургант" гэдэг нэвтрүүлгийн үеэр зарлах аж.

Сануулан дурдахад, хөлбөмбөгийн ДАШТ Орос улсад 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд ОХУ-д болно.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ