Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Төслийн талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал,
дүгнэлтийг УИХ-ын гишүүн,
ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу танилцууллаа. УИХ-аас өнгөрсөн сарын 8-ны өдөр баталсан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Ерөнхийлөгчийн
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг УИХ 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
УИХ-ын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуульд
“Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь …
хүчингүй болгох тухай … хууль, тогтоолыг хэлэлцэн баталж болно” гэж заасны
дагуу УИХ 11 дүгээр сарын
29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль
болон хамт баталсан хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай хууль, тогтоол,
түүнчлэн “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний
тухай” УИХ-ын тогтоолыг
баталж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны
өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
хуулийн төслийг энэ сарын 2-ны
өдөр УИХ-ын чулганы хуралдааны
дэгийн тухай хуульд заасны
дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг УИХ-ын өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар баталж, уг хуулиар УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн
2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай
хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд Засгийн газар
холбогдох төслийг дахин өргөн мэдүүлэхэд төсвийн төслийг боловсруулж, өргөн
мэдүүлэх цаглавар, төсвийн төсөлд хийх олон нийтийн хэлэлцүүлгийн зохицуулалт
хамаарахгүй байхаар заажээ.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаас Төсвийн тухай
хуульд нэмэлт оруулах тухай хуультай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн
төслийг дахин өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг
бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн
Ч.Лодойсамбуугаар ахлуулан, УИХ-ын гишүүн
А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарын
бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тус ажлын хэсэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй
асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг
хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны
төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг
боловсруулжээ. Уг төслөө Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанд
танилцуулжээ. Байнгын хороо
хуулийн төслийг хэлэлцээд, гишүүд санал нэгтэйгээр чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.
Ч.Лодойсамбуу гишүүний танилцуулсан Ёс зүй, дэгийн байнгын
хорооны дээрх санал, дүгнэлт, хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд
байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуульд
“Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд
УИХ-ын нийт гишүүний олонх
дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн
бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой
холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх
дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад УИХ-ын 94 гишүүний 87.2 хувь нь
дэмжиж, баталлаа.
Иймд УИХ-ын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Ерөнхийлөгчийн
бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой
холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн
хуралдаанд танилцууллаа. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн
газраас мэдээллээ.