Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-03 16:30:46

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай хэлэлцэв.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжжээ. 


Энэ төслийн талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцуулахдаа, “Монгол, Япон хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь айлчлал солилцоо, цэргийн сургалт, бэлтгэл, хуурай замын цэрэг, агаарын цэрэг хоорондын хамтын ажиллагаа, инженерийн цэрэг, цэргийн эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, дадлагад оролцох зэрэг өргөн хүрээтэй хөгжиж ирсэн” хэмээгээд, “Хоёр улсын Засгийн газар хооронд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаварыг арилгах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр 2015 онд сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”, Батлан хамгаалах яамд хооронд 2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, энэ оны 2 дугаар сард Батлан хамгаалахын сайдын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр уг санамж бичгийн шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурсан билээ.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Японд хийсэн төрийн айлчалын үеэр байгуулсан “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудал тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэхээр 2023 онд Гадаад харилцааны яамнаас чиглэл авч, хоёр талын ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсгийн бэлтгэл уулзалтыг өнгөрсөн 10 дугаар сард цахимаар зохион байгуулснаар хэлэлцээрийн албан ёсны зөвшилцлийг эхлүүлж, талууд 2024 оны 2, 3, 5, 6, 7 дугаар сард хэлэлцээрийн төслийг харилцан солилцсон. Хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг өнгөрсөн 7 дугаар сарын 24-нд дахин цахимаар зохион байгуулж, хэлэлцээрийн төслийн агуулгыг эцэслэн тохиролцжээ.


Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахыг Засгийн газрын энэ оны 9 дүгээр сарын 18-ны хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон байна.


Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай орны тоо нэмэгдэж, Японоос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэн авах, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэх боломж бүрдэх ач холбогдолтой гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Н.Батсүмбэрэл хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монголд хэрэгжиж буй гэрээ, хэлэлцээрийн тухай мэдээлэл авах, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн албан хаагчид амжилттай оролцож байгааг дурдаад, хэлэлцээрийн хүрээнд авах техник, тоног төхөөрөмж нь цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцэх эсэх тухай тодорхой мэдээллийг БХЯ-наас танилцуулж байх тухай байр сууриа илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ