СҮХБААТАР: Соёлын бүтээлч сараар түүхэн гавьяа байгуулсан хүмүүсээ алдаршуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2024 оны арваннэгдүгээр сарын 12
/МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас орон нутгийн мэргэжлийн
байгууллагуудтай хамтран 118 ажил, үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ялангуяа сумдын соёлын төвүүд шинэ ажлуудыг санаачилсан байна. Тухайлбал, Халзан сум “Морь, бөхийн цол, өөв тойг”-ийн сургалт Баяндэлгэр сум “Миний дуртай кино” өдөрлөг “Үлгэрийн наадам” Онгон сум “Таван толгой түүхийн гэрч” үзэсгэлэн, “Түүхийн жимээр” тойрон аялал, Наран сум “Хөгжмөөр эмчлэхүй” Сүхбаатар сум “Шугаман бүжиг ба заавал сурах бүжиг”-ийн сургалт зэрэг ажлыг зохион байгуулна.
Гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй аян энэ онд түүхэн гавьяа байгуулсан хүмүүсээ алдаршуулах ажил өрнүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Нийтийн номын сан Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдорж, Угсаатны зүйн музей Монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, Жаахан шарга театр МУУГЗ, найруулагч Л.Гомбосүрэнг алдаршуулж, олон нийтэд үйл хэргийг нь сурталчлан таниулахаар ажиллаж байгаа бол сумд ч мөн адил өөр өөрийн нутаг усны алдар цуутай хүмүүсээс сонгон авчээ.
Зохион байгуулах сургалт хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил гэсэн үндсэн зорилтын хүрээнд дээрх бүх ажил энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.