Т.Төмөрхүлэг: Монгол хэлний замналыг түүхийн мэдээ баримтаар тодотгох нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Орчуулагч, түүхч, МУСГЗ Тойтогийн Төмөрхүлэгийн монгол хэлний түүхийн сэдвээр бичсэн судалгааны өгүүллийг толилуулж байна.
XIX зууны дунд үеэс хэл шинжээч нар монгол, түрэг, тунгус-манж хэлийг “алтайн” хэмээх язгууртайд тооцсон бөгөөд түүнээс тавь гаруй жилийн дараа эрдэмтэд, тухайлбал Английн судлаач Д.Клоусон тэрхүү онолд үл итгэснээ илэрхийлжээ. Түүнчлэн Оросын нэрт монгол судлаач Б.Я.Владимирцов ч “Алтайн” онолыг эргэлзээтэй гэсэн юм билээ.
Тэрхүү онолоор бол “алтайн өвөг хэл” хэмээх нэгэн хэл үүсэж бий болоод дараа нь салбарлан хөгжсөн гэх ойлголт төрдөг. Тэгвэл эрдэмтэн А.Н.Щербак монгол, түрэг, тунгус-манж хэл дэх суурь үгийн сангийн дийлэнх хэсэг нь ялгавартай[i] гэдгийг сануулж байжээ.
Нэг
ёсондоо Клоусан, Щербак нар дурдсан гурван хэлийг уг язгуураараа төрөл бус гэж
үзсэн бөгөөд аль алинд нь нийт дундын үг олон буй нь тэр гурван угсаатан
түүхийн шалтгаанаар хэл соёлын хувьд нөлөөлөлцсөнөөс үүдсэн гэжээ.
Энэ таамналыг няцаасан юм уу, эс зөвшөөрсөн тоймтой судалгаа одоо хэр нь гараагүй, уул сэдэв эрдэмтдийн хүрээнд маргаантай хэвээр байгааг бодоход “алтайн өвөг хэлний онол” баахан мухардсан мэт. Гэвч олонх судлаач өдгөө хүртэл саях гурван хэлийг “алтайн” язгуурт хамааруулан ярьж, бичсээр буй. Мөн учир нь тэр гурван хэл нэг өвөг хэлээс салбарлаагүй бол чухам ямар замаар үүсэж хөгжиж ирснийг мөшгөн судлахдаа тухайн гурван үндэстний түүх, угсаатны зүйд холбогдох мэдээ баримтуудтай уялдуулан авч үзэхээс өөр аргагүй. Үүнд, аливаа нэг хэл бүрэлдэн тогтнож эхлэх үеийн хүний сэтгэхүй одоогийн бидний үздэгээр байгаль орчин, гэдэс тэжээхийн эрхээр авладаг зэрлэг ан гөрөөс, ямаа, хонь гэх зэрэг гэрийн тэжээвэр амьтад, идэш хоол, ахуй амьдралын наад захын хэрэглээний юмс, улмаар байгалийн элдэв үзэгдлээс айж сүрдэхээс урган гардаг шүтлэг мөргөлтэй нь яах аргагүй холбогдох учир тэр бүгдийг юу гэж нэрлэж байв гэдэг асуулттай тулгарах нь зайлшгүй. Бас ойр зуурын хэрэгцээний юм хумаа нэг, хоёр гэхчлэн тоолох шаардлага аяндаа үүсэх тул тооны үг нь ямар ямар нэртэй байв гэдгийг шинжлэх хэрэг гарна.
Гагцхүү
тэр бүрийн нэрийг эртний тэр гурван хэлээр олж харьцуулах гэхэд бичиг дурсгалын
зүйл, хэрэглэгдэхүүн хомс нь үнэн. Тэгэхдээ дундад эртний үеийн судар, ном
бичиг, хөшөө дурсгал, хэлний толь бичиг зэргээс эрдэмтдийн түүвэрлэн олсон
монгол, хятан, түрэг, тунгус-манж хэлний цөөвтөр үгийг дүйцүүлж жагсаасныг
харвал “яс, цус, нүд, элэг, мах, энэ, эх, эцэг, гэр, голомт, өвс, мөнгө, цас,
цагаан, өдөр, нар, баруун, хувцас”[ii] хэмээх 18 үг эртний
түрэг, монгол хэлээр ташхи ондоо байна.
Түүнчлэн орос эрдэмтэн Викторова авгайн түүвэрлэн олсон “туулай, хэрэм, булга, үнэг, буга, тэмээ, морь, нохой, чоно, загас, ан агнуур, гөрөө” гэх 12 монгол үгийг түрэг, тунгус-манж хэлний үгтэй жишиж үзэхэд тэмээ хэмээх үг түрэгээр tewe, тунгус-манжаар тэмэгэн, тэвэн гэж ойролцоо хэлбэр, дуудлагатай боловч бусад нь монгол хэлнийхээс эрс ялгаатай байна.
Энэ
12 үгээс хятан нарын хөшөө дурсгалаас олдсон туулай, морь, нохой хэмээх гурван
үг монгол хэлнийхтэй яв цав дүйж байна. Хятан хэлний дурсгал цөөхөн ч монгол
хэлийг, ялангуяа түрэг хэлтэй харьцуулж шинжихэд их л чухаг хэрэглэгдэхүүн
болдгийг хэлүүштэй. Бас, орос эрдэмтэн Л.Н.Рудовын Ляо ши хэмээх Хятан улсын
түүхийн судраас түүвэрлэн олсон 30 орчим хятан үг XIII-XIV зууны монгол хэлээрх
дөрвөлжин үсгийн дурсгалуудтай гайхалтай тохирсон юм билээ.
Энд хэлний түүх хөндөгдөж буй учир тухайн салбарын мэргэжилтнүүдийн олж цуглуулсан баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлах нь зүй. Үүнд, мөн л Викторова гуайн бүртгэж үзсэнээр, хуучин судар, хөшөө дурсгалаас олдсон хятан хэлний нийт 17 үгийг XII-XIV зууны монгол, зүрчид, эртний түрэг хэлнийхтэй харьцуулж үзэхэд [iii] хятан, монгол хэлний үгс яг таг дүйж байх бол зүрчид, түрэг хэлний адил утгатай үгс язгуураараа өөр хэлбэр, дуудлагатай нь илтэд байна.
Бөө мөргөлд холбогдох үндсэн нэр томьёонууд дурдсан гурван хэлээр ямар байдалтайг авч үзэх, үүнд, бидний мэдэж байгаагаар Оросын хийгээд Европ зүгийн хэлэнд нэгэнт нэвтэрсэн “шаман” гэдэг үг угаас тунгус-манж гарвалтай нь эрдэмтдийн нотолгоогоор тогтоогдсон. Эртний түрэг хэлээр бөө буюу мэргэч төлгөч нарыг “кам” гэж нэрлэдгийг Гийом де Рубрукийн тэмдэглэлээс ч үзэж болно. Гэтэл энэ үгийг якутууд Oyun, киргиз, узбек, казак нар baksi гэдэг байна. Монгол хэлний бөө гэдэг үг ямар гарвалтай нь тодорхойгүй гэдэг. Клоусан эрдэмтэн үүнийг түрэг хэлний bögé (мэргэн, визир) гэдэг үгнээс угшилтай болов уу хэмээн таамагласныг зарим судлаач эргэлзээтэй гэсэн. Худам монгол бичгээр бөө, бөх гэдэг хоёр үгийг BikEt (bögé ) гэж ижил хэлбэрээр бичдэгийг үзэхэд бөө нь угтаа хүчтэй гэсэн утга санаа агуулсан үг байж болзошгүй.
Эртний
Төв Азийн нүүдэлчдийн шүтлэг “тэнгэр” гэдэг нэрийг худам монгол бичгээр tngri
гэж бичдэг бол түрэг хэлээр täuri гэдэг аж. Юутай ч энэ нь монгол, түрэг хэлний
дундын үг мөн нь маргаангүй. Гэтэл тэнгэрийг шүтэх ёс заншилтай амин холбоотой
нар, сар, газар гэх зэрэг үг монгол, түрэг хэлээр ялгавартай байна.
Эртний түрэг хэлээр kün гэдэг монгол хэлний нар (наран) хэмээх үгийн язгуур тодорхойгүй гэж хэлний шинжээч нар ярьдаг. Миний бодлоор, балар эртний манай өвгөд дээдэс орой нар жаргаж, бүрий харанхуй болоод ирэхээр хорвоогийн нарыг дахиад урган гарч ирэхгүй, эгнэгт арилах юм биш байгаа гэж ихэд айдаг байсан нь мэдээж. Гэвч хоногийн эргэлтээр өглөө гэгээ тусаж үүр цайх үеэр хөгшин залуугүй босоцгоон, нар аажмаар цухуйхад цөм баярлалдан “наар наар” гэж хашгирцгаадаг заншилтай байсан болов уу. Монголчуудын нарыг дээдлэх ёс ч үүнээс эхтэй байх. “Нааш ир” гэсэн утгатай “наар” гэдэг энэ үг одоогийн манай Увс, Ховдын ойрад угсаатны аман аялгуунаа үлдэж хоцорсныг санууштай. Ингэхээр Нар (наран) гэдэг үг энэ “наар”-аас гарвалтай байж магадгүй.
Академич
Б.Ринчен агсны шинжилгээ судалгаанаас[iv] үзвэл, монгол, хамниган
(тунгус) хэлэнд ч удган, чөтгөр, дэлхий хэмээх төстэй үг байхаас биш бөө, нар,
сар, газар зэргийн нэр ондоо ондоо хэлбэр, дуудлагатай ажээ.
Од гаргийн нэр ч тэнгэрийн шүтлэгтэй учир холбогдох тул О.Намнандоржийн судалгаагаар, эртний монголчууд хэдэн зуун одонд нэр өгснөөс энд ганц жишээ татахад, “долоон бурхан” хэмээх ордын 1. “жиргэдэх гэрэл”, 2. “нэхэх арга”, 3. “тэнгэрийн бариа”, 4. “тэнгэрийн эрх”, 5. “тэнгэрийн шил”, 6. “тэнгэрийн хас”, 7. “тэнгэрийн оргилого” хэмээх долоон одны нэр одон орны судалгааны уламжлал бүхий Перс, Араб зэрэг улс оронтой XIII-XIV зуунд харилцаж эхлэхээс өмнөх үеийнх буюу дундад эртний монгол хэлний өвөрмөц шинжтэй гэж үзэж болохоор байна.
Тооны
нэрийн тухайд гэвэл монгол, хамниган (тунгус) хэлэнд дөрөв, хорь, гуч, мянга
гэсэн нэр адилавтар дуудлагатай байхаас бус мянга, мянгаас дээш арав арваар
дэвшүүлэхэд саях дөрвөн нэрээс бусад нь ялгаатай байх юм. Б.Ринчен гуай
үзэхдээ, монгол хэлээр мянга гэж монгол хэлээс хамниган хэлд орсныг дурдаад
язгуур нь даруй мин (минг) бөгөөд бүх түрэг хэлд мянгыг мин/минг хэмээх тул
монгол, түрэг, тунгус-манж хэлнээ нийт дундын үг гэжээ. Тэгвэл монгол, түрэг
хэлд мянга гэдгээс бусад тооны нэр үндсээрээ өөр ажээ.
Өмнө
нэгэнт тоочсон ахуй амьдралын хийгээд шүтлэгийн холбогдолтой үгс орчлон
тэргүүлшгүй цагийнх биш юм гэхэд тооны үгийн нэрс тус гурван хэлд өөр өөр
байгаа нь “алтайн өвөг хэлний онол”-ыг түншээд авсан мэт санагдах ажгуу.
Энэ
гурван хэл авиан зүй, үг бүтэх ёс, өгүүлбэр зүйн хувьд адил төстэй, нийт дундын
үг олонтой ч угаас нэг язгууртай гэж үзэхэд учир дутагдалтай нь өмнө нэрлэсэн
судлаач шинжээчдийн гаргаж ирсэн эш баримтуудаар ч илэрхий. 2024 онд
Улаанбаатарт болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд академич Л.Болд
мэдээлэхдээ, “Монгол, түрэг хэлийг харьцуулж үзэхэд үгийн сангийн 25 хувь нь
нийтлэг юм” гэсэн нь Д.Клоусан, А.Н.Щербак зэрэг эрдэмтний үзэл бодлын
магадтайг харуулах нэгэн баримт мөн.
Иймд монгол, түрэг, тунгус-манж хэл тус тусдаа өөрийн гэсэн голомтдоо бүрэлдэн тогтжээ гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Харин
дурдсан гурван хэлд нийт дундын үг олноор буй нь түүхийн урт хугацаанд энэ
угсаатнууд тэнгэрийг шүтэх хийгээд ураг барилдах, аль нэгнийхээ хараат болох,
зарим үед хүчээр ижилсгэх бодлогын нөлөөгөөр үүссэн үзэгдэл мөн нь лавтай. Чингэхээр
энэ гурван угсаатны аль нь ч нөгөөдүүлийнхээ нөлөөнд бүрэн авталгүйгээр тусгаар
үндэстэн болж төлөвшсөн түүх, язгуур хэлнийх нь бие даасан шинж чанараар бас
давхар нотлогдож буй гэж хэлж болно гэж бодож байна.
Угсаатны
газарзүйн (éthnogéographie) үүднээс авч үзвэл, м.э. I зуунд Байгаль нуурын
өмнүүр, Хэрлэн голоос арай хойгуур, одоогийн Дорнод Монголын сав газраар Татаар
аймагтай залгаа нутаглах овог аймгийг Хятадын он дарааллын бичигт Мэнгү
(монгол) хэмээн нэрийджээ. Хоу Хань шу сударт өгүүлснээр монголчуудыг Зүрчид нарын
дээд өвөг сушеньчуудтай хөрш оршдог[v] гэжээ.
Мэн-гү
нэртэй аймгийнхантай адил хэлээр ярьдаг овог аймгууд гэвэл Хүннү гүрний дорнод
хязгаар, одоогийн Өмнөд Манжуурын тал газраар Дунхугийн залгамжлагч ухуаньчууд
нутаглаж байжээ. Ухуаньчуудаас умард зүгт Баруун Манжуур болон эдүгээгийн
Баргын нутагт Ухуаньчуудтай мах цусны барилдлагатай Сяньби, Байгаль нуурын зүүн
этгээд Аргун голын хөндийгөөр Тоба нар аж төрж байсан бөгөөд тэд бүгд Мэн-гү
буюу монголчуудтай төрөл овог аймгууд мөн нь Хятад эх сурвалжийн мэдээгээр
нотлогджээ.
Сяньбичууд
цэрэг зэвсгийн хувьд нэн хүчирхэг, нарийн зохион байгуулалттай байсныг м.э II
зууны сүүлээр буюу 195-196 онд тэдний морьт цэргүүдэд олзлогдож нүүдэлчдийн
эсгий гэрт арав гаруй жилийг өнгөрөөсөн Хань улсын язгууртан Цай Янь гэгч
бүсгүйн туурвисан утга уянгын шүлгээс[vi] ч үзэж болох юм.
Төв,
Дорнод Азийн өргөн уудам тал нутагт Хүннү гүрний дараа (М.Э. I-II зуунд) цойлон
гарч ирсэн сяньбичуудыг Гумилев авгай суперэтнос (тэргүүлэгч угсаатан) гэж
нэрлэсэн буй.
Манай
эриний өмнөх II зуунд гэхэд л Сяньби, Ухуаньчууд “орд” хэмээх өвөрмөц зохион
байгуулалттай хэлбэрээр аж төрж байжээ. Орд нь хэд хэдэн айлаас бүрддэг, ордын
толгойлогчийг хан гэх бөгөөд судлаачид үүнийг сяньби үг гэсэн. М.Э. V зууны
монгол угсааны Нирун (Жужань) нарын хэлд ч энэ үг уламжлагдсаныг франц түүхчийн
зохиолоос[vii] бид бас мэддэг боллоо.
XIII
зуунд Хархорумд ирсэн фламан гарвалт гэлэн Гийом де Рубрук ч номдоо Сяньбигийн
эзэн хан цолтой байсныг тэмдэглэсэн нь бий.
Сяньби
нарын хэл аялга эдүгээ ч судлаачдын сонирхлыг татсаар буй. Бээжинд 1977 онд
хэвлэгдсэн “Хятад хэлний харь үгийн толь бичиг”-т барагцаалбал 40 орчим үгийг
сяньби хэлэнд хамаатуулсан болохыг хятад судлаач эрдэмтэн Я.Ганбаатар зохиол
бүтээлдээ дурдаад, ерөөс сяньби хэлнийх гэж болохуйц 100 гаруй үг бий гэжээ.
Үүний сацуу доктор Б.Сумьяабаатар Монголын дээд өвөг Сяньбичууд Төрийн хэлний
олон зүйл нэрийн толь (гурван дэвтэр) зохиосныг мэдээлж байна.[viii]
Хожим
(м.э. V зуунд) түрэг овог аймгуудын нэгдэл түүхийн тавцанд гарч ирэхэд “тухайн
үеийн овог дундын хэл нь сяньби буюу өвөг монгол хэл байв”[ix] гэж Гумилев гуай үзжээ.
Чингэхэд орчин цагийн монгол хэлийг даацтай судалсан эрдэмтэн Н.Поппе монгол хэлийг түрэг хэлтэй жишихэд бүр эртний шинжээ хадгалсан гэж дүгнээд монгол бичгийн хэл нь авиан зүйн үүднээс өвөг алтай хэлтэй бараг л адил түвшинд байна гэсэн гаргалга[x] хийснийг Рене Груссегийн зохиолоос дам үзэж болно.
Үүнд өвөг алтай хэл гэдэг нь Гумилевын үзсэнчлэн, сяньби буюу өвөг монгол хэлийг зааж хэлсэн нь илт.
Судлаачид худам монгол бичгийн хэлийг авианзүйн хувьд
шинжихдээ олон түмэнд ойлгомжтой жишээ татан, одоогийн “уул” гэдэг үгийг бүр
эртний үед “агула” гэж дууддаг байсан бол дундад үед (XIII-XIV зуунд) уг үгийн
“г” нь сугарч үлдээд “аул” гэх болсон бөгөөд орчин цагийн аялгуунд аул нь уул
болж хувирсан гэж тайлбарладаг. Иймд худам монгол үсгээр “уул” гэдэг үгийг
Сяньбигийн үеийн дуудлагаар “агула” гэж бичдэг байна шүү дээ. Энэ
жишээнээс үзвэл худам монгол бичиг лав хоёр мянга гаруй жилийн тэртээх монгол
хэлний аялгуунд тулгуурласан нь илт. Чухам энэ учраас Поппе зэрэг эрдэмтэд
монгол хэлийг түрэг хэлнээс илүүтэй эртний шинжээ хадгалсан гэж шинжсэн биз ээ.
Түүхийн хувьд өгүүлэхэд, мөн алдарт Гумилевын
судалгаагаар, сяньбичууд хан цолтой тэргүүнээ овгийн ахлагч нарын сонгуулиар
шалгаруулдаг, бүр хожмын (X зуунд) үед цогцлоогдсон монгол угсааны Хятан гүрэн
ч ерөнхий удирдагчаа гурван жилийн хугацаагаар сонгодог ёс заншилтай байсан
ахул Их Монгол улсын дээдчүүд Чингисийн дараагийн хаадыг эзэн ширээнд залахдаа
заавал үе залгамжлуулах ёсонд баригдалгүй, мөн л сонгуулиар шийддэг журам
тогтоосон нь эртний төр ёсны уламжлалыг дагаж байсных буй за.
Ухуаньчууд ч, сяньби нар ч гэрийн боол хэрэглэхийг
мэддэггүй байжээ. Иймээс овгийн ахлагчид нь ч харц ард лугаа адил хонь малаа
өөрсдөө хариулдаг, эд хөрөнгөө өөрсдөө толгой даан хариуцдаг байсныг[xi] жишээ татаж болох юм.
Гэр бүлийн амьдралын хувьд тэд өөрийн гэсэн зарчимтай,
үүнд, эмэгтэйчүүдийг зохих ёсоор хүндэтгэдэг, тэднийгээ зодож жанчих ёсонгүй,
охид нь дур сэтгэлээрээ хадамд гардаг, цэрэг-дайны явдлаас бусад хэргийг өрхийн
эзэгтэй нар эрхлэн явуулдаг зэрэг эрх дархтай байжээ. Үүний сацуу сяньби,
ухуаньчуудын шашин нь хүнийг золигт гаргадгүйгээрээ нийт Хүннү гүрнийхээс
ялгаатайг угсаатны судлалтан нар зохиол бүтээлдээ онцлон дурдсан буй. Нэг
ёсондоо хууль цааз нь хөнгөвтөр, дайн байлдаанд явахаас татгалзсан хэрэгт л алах
ял оноохоос бус хулгай зэлгий зэрэгт холбогдсон хүнд малаар торгох жишээтэй
байсан юм гэдэг. Нэг ёсондоо Хүннү гүрэнд харьяалагдах хэдий ч түрэг, манж
зэрэг угсаатнаас тусгаардуу бие даан орших ухуань, сяньбичууд өөрийн гэсэн
амьдралын хэв маяг, ёс заншилтай нь тэдний хэл соёл аажмаар тогтвортой
хөгжихийн нэгэн зүйл нөхцлийг бүрдүүлжээ гэж баттай хэлж болно.
Чингэхэд Хүннү гүрний дундын хэл нь ямар хэл байсан
тухайд эрдэмтдийн судалгаа таамаг төдийгөөс хэтрээгүй аж. Энэ ч аргагүй буй за.
Юу вэ гэвэл, Хүннү гүрэн түүхчдийн сүүлийн үеийн судалгаагаар олон соёлын
голомтоос бүрдэж байсныг эш үндэс болговол хэдийвээр уул гүрний мандан бадарсан
хугацааг М.Э.Ө. III-II зуунаар багцаалдаг ч тэр балар цаг үед тийм өргөн уудам
газар нутагт нийт дундын нэг хэл ноёлж байсан гэхэд эрхгүй эргэлзээ төрөх аж.
Чингэхэд эртний судраас олдсон хүннү гарвалтай үг бүрийг түрэг хэлэнд
хамааруулах нь өрөөсгөл хэрэг болох биз ээ. Жишээлбэл, хүннү нараар дамжин орос
хэлэнд “сапоги” болж хувирсан саа-так хэмээх үгийг түрэг үг гэж зарим нэг
судлаач бичсэн байх юм. Гэтэл саа-так (саадаг) нь бас монгол хэлний үг мөн. Энэ
үгийг монгол, түрэгүүдийн аль нь нөгөөгөөсөө зээлдэж хэрэглэсэн бэ гэдгийг одоо
хэн ч нотолж чадахгүй.
Угтаа Хүннүгийн үед монгол, манж, түрэг хэлний аль нь ноёлж байв гэхээсээ илүүтэй аль нь давамгайлж байв гэх саналга эрдэмтдийн ухаж судлах сэдэв мөн болов уу.
Хүннү гүрэнд багтсан бүх угсаатныг хүннүчүүд гэж
эрт, эдүгээгийн түүхэнд нэрлэсээр ирсэн. Энэ нь VI-VIII зууны эцэс хүртэл Төв,
Дорнод Азид тогтнож байсан Түрэгийн эзэнт улсад харьяалагдсан бүх угсаатныг,
тухайлбал монгол язгуурын аймгуудыг ч түрэг гэж байсантай адил.
Түүнчлэн Хятад эх сурвалж болон Мэн Да Бэй-Лу зэрэг
түүхчийн өгүүлснээр, лав XIII зууны эхээр Цагаан Хэрмээс Байгал нуур хүртэлх
өргөн уудам газар нутагт оршигч монгол, түрэг, тунгус-манж угсааны бүх овог
аймгийг Буйр нуураар нутаглагч хүчирхэг Татаар аймгийн нэрээр нэрлэсэнтэй бас
адил.
Татаар хэмээх энэ нэр Төв болон Зүүн Азиар
хязгаарлагдахгүй, Алтан улс, Хиндустан, Чин, Сүн улсад хийгээд Киргиз,
Килар-Башгурдын газар, Кинчакийн тал, бүх түрэг түмэн; араб иргэн, тухайлбал
Умард Африкийн оршин суугчдыг ч бас татаар гэж нэрлэж байсан нь түүхэнд
тэмдэглэгдэн үлджээ. Эрдэмтдийн судалгаагаар XIII зуунд Монголын эзэнт гүрэн
буй болсноор Татаар, Монгол гэдэг хоёр нэр ялангуяа Өрнөдөд ижил утгатай мэт
сонсдож байснаа аажмаар Монгол хэмээх нэр нь давамгайлах болжээ. Татаарыг угаас
монгол хэлтэй аймаг, үүнд, энэ нэр монгол хэлний үг, тэр нутгийн нэгэн голын
нэр гэж судлаачид зохиол бүтээлдээ тодотгосныг дурдсу.
XIV
зуунд туурвисан Рашид аддиний “Шашдирын чуулган” номд “Монгол хэмээн нэрлэгдэх
түрэг овог аймгууд” гэсэн нь Түрэгийн эзэнт улсын үеэс улбаатай нэр томьёоны ул
мөр мөн бөгөөд монгол овогтныг түрэгүүдийн нэг тасархай мэтээр боддог ташаа
ойлголт хараахан балраагүй явж байсан хэрэг. Өнгөрсөн зуунд орос эрдэмтэн А.А.Семенов “Түрэг гэдэг нь угсаатны болон хэлний гэхээс илүүтэй нийгэм-ахуйн
нүүдэлчин гэдэг нэр томьёо мөн болно” гэснийг энд онцлон дурдууштай. Семенов
үүгээр Рашид аддиний хэрэглэсэн нэр томьёо овог аймгийн гарвалыг тогтоох үндэс
болж чадахгүй гэж үзсэн хэрэг ажээ. Рашид аддин “Монгол нь Түрэгийн нэг төрөл
боловч түрэгүүдээс тун их ялгаатай” гэсэн буй.
XIII зууны Монголын түүхээр өлгөж ярихад, түрэг угсааны
иргэд ч өөрсдийгөө монгол хэмээн нэрийдэх болсныг цагаан хэрмийн араар нутаглаж
байсан Онгуд нарын жишээгээр хэлж болно. Түүхийн урт удаан хугацаанд нүүдэлч
малчин, гөрөөчин түмний холилдон ижилссэн нь түгээмэл. Үүнд, бид Дунху аймгаас
гаралтай Шивээ нарын гурав дахь салаа мөчир гэж м.э.ө. V зууны Хятадын түүхэнд
тэмдэглэгдсэн Хятан нарын тухай товч төдий ч сөхөж яриуштай. Хятан нар монгол
хэлт овог аймгуудын зүүн өмнөд жигүүрт хамаарах агаад Баруун Манжуурын тал
газраар тунгус-манж угсааны овог аймгуудтай залгаа нутаглаж байжээ. Хятан нар
нэгэн үе Зүрчидийн харьяанд багтаж байснаа Тан улсын мэдэлд орж IX зуунд тэнд
бослого хөдөлгөөн дэгдэх үеэр хүчирхэгжин улмаар 907 онд Ляо хэмээх гүрэн
байгуулсан бөгөөд хятан иргэдийн дотор тунгус-манж угсааны овог аймаг байсан уу
гэвэл үгүй гэх газаргүй. Юутай ч Орос, Монголын тэргүүлэх эрдэмтэд, тухайлбал
Х.Пэрлээ хятан хэлний дурсгалын зүйл, соёл, шашин шүтлэгийн холбогдолтой мэдээ
баримтаар төдийгүй нийгэм-эдийн засгийн байгууламжийн онцлог шинжээр нь хятан
нарыг жинхэнэ монгол угсаатан байсныг баттай тогтоож чадсан байна. XIV зууны
эхэн үеэр амьдарч байсан Рашид аддин ч “Шашдирын чуулган” зохиолдоо эртний
Монголчууд, Хятан нарын хэл, хэв заншил угаас багавтар ялгаатай байсан авч одоо
бүр ойр дөт болжээ гэж онцолсныг анзаарууштай. XIX зууны болоод XX зууны эхний
үеийн гадаадын монгол судлаачид Хятаныг “хятадчилагдсан монголчууд” гэж зохиол
бүтээлдээ бичиж байсан нь франц эрдэмтэн Пеллио авгайн санал бодлыг дагасан хэрэг
бололтой.
Хятадын нөлөөгөөр газар тариалан эрхэлж сурсан хятан нар
X зуунд одоогийн Монгол улсын нутагт түрэн орж ирснээр тал нутгийн монголчуудын
ахуй амьдралд идээшин дасаж модон тэрэг үйлдвэрлэх аргыг хүртэл Мэргид аймгаас
сурч авсан жишээтэй байна. Ихэс дээдэс нь хятад соёлд нэвтэрснээр хятанчууд
бултаараа хятад болчихоогүй нь дээдчүүдийн хүрээнд ч хятан хэл соёлоо эрхэмлэх
бүлэг байсныг дурдаж болно. Хятанчууд хятад ханз үсэг авч хэрэглэсэн нь хэлээ
сольсон хэрэг бус, ханз бичгийг залгамал монгол хэлэндээ тохируулан хэрэглэсэн
хэрэг ажээ.
Хятад түүхч Люй Жэнь-юй Гурван голын монголчуудыг уйгар
үсгийг авахаас өмнө хятан нар энэ бичгийг авч хэрэглэсэн гэж мэдээлсэн нь
тэднийг язгуур хэлээ гээгээгүйг харуулах нэгэн баримт болно.
Хятанчууд X-XI зуунд нангиад хэлнээс түүх, цаг тооллын
бичгүүд, Буддагийн шашны гүн ухааны туурвил, хууль цаазын зохиол ном өөрийн
хэлээр хөрвүүлсэн нь хятан буюу монгол хэл өөдрөг хөгжиж байсны нотолгоо мөн.
Бас, Күнзийн суртлын “Дөрвөн ном, таван бичиг”-ийг X зуунд өөрийн хэлээр
орчуулсан гэсэн дам яриа явж байдаг.
Хятан монгол хэлний хөгжлийн түвшинг илтгэх нэгэн жижиг
жишээ татахад, 1222 оны намар Даогийн сургаалт эрдэмтэн Чань Чунийг Дундад Азид
саатаж байсан Чингис хаантай уулзахаар очиж мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
болсон яриаг Ие Ию Акай гэгч хятан хүн хятад, монгол хэлээр хэлмэрчилсэн[xii] түүхийн мэдээ бас сонин.
Нэрт түрэг судлаач В.В.Бартольд агсан Чингис хааныг бичиг үсэггүй төдийгүй, түрэг
хэлээр ч ярьдаггүй асан гэж тохуурхах аясаар бичсэн буй. Суу билигт их хааны
төрөлх хэл нь мэдээжээр монгол хэл байсан юм.
"Монголын нууц товчоо" номын 196 дахь зүйлд гардгаар,
Найманы Таян ханы гэргий Гүрбэсүд Чингисийн хандан хэлсэн үг сонирхол татдаг нь
тэр үг тавлах өнгө аястайдаа биш, харин монгол, найман иргэд цөм монгол хэлээр
хэлэлцдэг байсны нэг нотолгоо юм. Жич: МНТ-ны эх бичвэрт Гүрбэсү хатныг Таян
ханы эх гэжээ. Эртний монголчууд эхнэрээ хүүхдүүдийн эх гэсэн утгаар эх гэж
дууддаг байсан гэх бөгөөд олон эхнэр авах ёс дэлгэрсэн цагаас тэднийгээ эх нар
гэх болжээ. Эх нар гэсэн үг нь монгол хэлний эгшиг зохицохын хуулиар аажимдаа
эхнэр болж хувирсан байна. Иймд Гүрбэсү хатан бол Таян ханы эх биш, эхнэр нь
мөн болохыг энэ ташрамд өгүүлсү.
Түүхийн үүднээс үзвэл Ляо (Хятан) улсыг 1125 оны орчим
тарж бутрахад хятан нар цөмөөрөө Семиречье болон Коман-Кипчакийн орон руу
нүүчихсэн юм биш, нэгээхэн хэсэг нь тийшээ одсон бөгөөд олонх нь нутагтаа үлдэж
хожим Өвөр Монголын хүн амын дийлэнхийг бүрдүүлсэн, түүнчлэн XIII зуун гэхэд
Зүрчидийн Алтан улсын дотор ч хятан угсааныхан үлдэж хоцорсон байжээ.
Чингис хааны удирдсан морьт цэрэг 1212 онд Алтан улс руу
довтлоход хятан угсааны цэргүүд бослого гарган монголчуудтай нийлсэн агаад
үүнийгээ тэд монголчуудтай мах цусны барилдлагаатай гэдгээр шалтаг зааж байсан[xiii] гэдэг.
Хятаны цэргийнхэн улмаар монголчуудад цэргийн болон
иргэний инженерүүд, засаг захиргааны түшмэдүүд нийлүүлжээ.
X зууны эхээр Хятан нар одоогийн Монголын нутагт орж
ирээд, Найман аймгийг эрх мэдэлдээ хураасантай холбогдох түүх эрдэмтдийн
анхааралд төдий л өртөөгүй юм шиг. Үүнд, Найман аймаг анх 1048 онд Хятан улсад
дагаар орж мөхөх (1125 он) хүртэл нь бараг наяад жил захиргаанд нь явсан түүхэн
баримттай тул уйгар үсгийг Ляо (Хятан) улс Гурван голын монголчуудаас өмнө авч
хэрэглэсэн гэж Люй Жэнь Юйгийн мэдээлснийг үндэслэн, хятанчууд, уул бичгийг
тухайн цаг үеэс 200-гаад жилийн өмнө авсан байж болох Найман нарын туршлагад
тулгуурласан болов уу гэж үзэх сэдэв гарч ирж байгаа юм. Угтаа хятан нар энэ
бичгийг 1048 оноос хойш авсан байж болох.
Хятаны бага бичиг гэдэг нь уйгар бичиг биш, хятад ханзыг
хялбаршуулсан бичиг юм гэхэд хятан нарыг уйгар бичгийг хэрэглээгүй гэж үзэх
шалтгаан байхгүй. Чингэхэд мөнөөх хятад түүхч бээр уйгар үсгийг хятанчуудын
бага бичиг гэж хэлээгүй, энэ үсэг бичгийг хятан нар монголчуудаас (Гурван голын
монголчууд) өмнө авч хэрэглэсэн гэж л мэдээлсэн байгаа шүү дээ.
Үсэг бичгийн энэхүү түүх Нестор шашинт Найман аймагт ямар ч атугай монгол хэл давамгайлж байсны гэрч болох бөгөөд Найман, Хятан нарын утга соёлын хэлхээ холбоо зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бололтой.
Франц түүхч
Клод Клэр, Рене Каплер нар 1130 онд Дундад Азид бий болсон Хятан угсааны
Харахятай улсыг Несторизмтай холилдсон Буддагийн шашинтай[xiv] гэснийг мөн анхаарч
үзүүштэй.
Ляо (Хятан) улс (907-1125 он) засаг захиргааны хувьд
найман овог аймгаас бүрдсэн түүхийн баримттай тул Найман аймгийн нэр чухамдаа
Хятан улсын найм дахь муж болсноос үүдэлтэй байж болзошгүй.
Францын монголч эрдэмтэн Поль Пелмио болон түүний шавь нар Найманыг монголжих замд орсон түрэг угсаатнууд байсан болов уу гэсэн нь зөвхөн цөөвтөр удирдагч нарынх нь түрэг нэртэйд дулдуйдсан таамаг төдий зүйл байх.
Гэхдээ Найман нарын дотор түрэг буюу уйгар угсааны иргэд аж төрж байсан
байж болохыг түүхийн үүднээс үгүйсгэх аргагүй.
Монгол цэрэг 1204 онд Найман аймгийг эзлэх үеэр
олзлогдсон уйгар гаралтай түшмэлээс гарч ирсэн тамганы үсгийг үзээд Чингис энэ
бичгийг хүүхдүүддээ заагтун гэж зарлиг буулгасан цагаас хориодхон жилийн дотор
“Монголын нууц товчоо”-ных шиг бичгийн хэл боловсорч цэгцэрсэн байж таарахгүй
гэж Б.Ринчен, Ц.Шагдарсүрэн зэрэг эрдэмтний үзсэнийг үндэс болгохдоо, Хятаны
хуучин овгийн нэг Дагуур нарын хэлийг судалсан олон судлаач тэдний хэлийг
“Монголын нууц товчоо”-ны хэлтэй их л адилхан гэж үзсэнийг анзаарууштай.
МНТ-ны хэлийг судалсан ОХУ-ын хэл шинжээч Г.Д.Санжеев
агсан “Дагуур хэлийг XIV-XV зууны монгол хэлний онцлог шинжийг агуулсан монгол
хэл”[xv] гэдгийг тэмдэглэсэн
байна.
Түүнчлэн академич Б.Ринчен дагуур хэлийг дундад эртний
аялгууны өвөрмөц зүйл хадгалсан гэж үзжээ. Оросоор “дауры” гэж нэрлэгддэг энэ
монгол угсаатан Байгаль далайн урдуур, Яблоны нурууны ар өврөөр, мөн Сэлэнгэ
мөрний зүүн этгээд хавиар XVII зууны дунд үе хүртэл аж төрж байгаад Манжуурт
шилжин суурьшжээ. 1957 оны мэдээгээр Манжуурт (Хятад) 100000 орчим дагуур хүн
бүртгэгджээ. Б.Ринчен агсан “Монгол Ард Улсын хамниган аялгуу” бүтээлдээ,
өнгөрөгч зууны 60-аад онд Хэнтийн Дадал суманд бас дагуур овгийн хүмүүс аж төрж
байсныг мэдээлжээ.
Монгол хэлний хөгжлийн үе шатыг эртний, дундад үеийн
(XII-XIV зуун), орчин цагийн (XVI зуунаас өдгөө хүртэл) гэж гурав ангилдаг бол
“Монголын нууц товчоо /МНТ/” нь дундад үеийн хэлний онцлогийг илтгэсэн бүтээл бөгөөд
одоогоос 880-аад жилийн өмнө бичигдсэн уул зохиолын хэлийг орчин цагийн хэлтэй
жишвэл дээрх урт хугацаанд монгол хэлний аман аялгуунд ямархан хувирал гарсныг
гэрчилдэг гэж хэлж болно.
Энэ туульсын зохиолд одоогийн хүнд эс ойлгогдох хэлц,
зүйр цэцэн үг үлэмжхэн тааралддагийг Бельгийн эрдэмтэн А.Мостэрт хийгээд МНТ-г
судалсан олон эрдэмтний үзсэнээр, уул зохиолыг монгол аман аялгуунд
тулгуурласан хэлээр туурвисан болох нь маргаангүй. Үүнд, Мостэрт авгай Ордос
нутагт бараг 20-иод жил уйгагүй хөдөлмөрлөснийхөө үрээр МНТ-гоос гадна Ил хаад
Аргун, Өлзийт нараас Францын их ван Гоо Филиппт илгээсэн захидлуудад гарах олон
үг хэллэгийн утгыг тайлж чадсаныг өдгөө бид талархан тэмдэглүүштэй. Чингэхэд
МНТ-д гардаг зарим хэлц, үг хэллэг жишээлбэл Халх, Цахарт мартагдсан ахул
Ордос, Дагуур зэрэг буйдхан газар нутагт суудаг монгол овогтон нарын аман
аялгуунд хадгалагдан үлдсэн болж таарч байгаа юм.
Энд бид Мостэртийн эрдэм чадварыг харуулсан ганцхан жишээ
татъя. Үүнд, Илхаан Аргунаас 1289 онд Францын Их ванд илгээсэн захидалд гарах
“жигүүр э агуулган” хэмээх хэлцийг Мостэрт “довтолгох, давхиулах, яаралтай”
гэсэн утгатай гэж тайлснаар бараг зуугаад жилийн туршид Европ зүгийн эрдэмтдийн
эндүүрч орчуулсныг залруулсан буй.
Монгол хэлээр, уйгар үсгээр анх бичигдсэн гэдэг нь
Лу-Алтан товч хэмээх зохиолоор нэгэнт нотлогдсон, түүхийн эх сурвалжийн хувьд
Рашид ад Диний “Шашдирын чуулган”-д өгүүлэгдэн буй олон үйл явдлаар үнэн бодитой
нь тогтоогдсон "Монголын нууц товчоо" бол 8100 гаруй үгээс бүрддэг ажээ. Үүнд,
түрэг, хятад гарвалтай үг нэлээд буй. Эрдэмтэн Б.Сумьяабаатарын судалгаагаар
солонгос хэлний үг ч бас уул номд тааралддаг байна.
Түрэг гарвалтай үгийн тухайд Мостэрт авгайн тайлбар нь
монгол, түрэг хэлний нийт дундын үгэнд хамаарахгүй. Өгүүлэгдэн буй зохиолд гарч
байгаа хятад гарвалтай үгийн дийлэнх нь лав Монголын өвөг хэлний үед буюу
Хүннү, Сяньби, Нирун (Жужань), Хятаны үеэс монгол хэлэнд нэвтэрсэн бололтой.
Тухайн цаг үед МНТ-оос өөр монгол хэлээр ном зохиол арвин гарсан уу гэж асуувал, хэдийвээр түүхийн хатуу ширүүн нугачаанд монголчуудын оюуны өв соёл болох үлэмж ном зохиол, баримт хэрэглэгдэхүүн үрэгдэн алга болсон ч Гурван зуун тайчуудыг дарсан домог, Аргасун хуурчийн домог, Өнчин хөвүүний шаштир, Хоёр загалын тууж зэрэг уран зохиолыг чухамдаа XIII-XIV зуунд зохиосон гэж мэргэжилтнүүд үзжээ.
Онцлох нэг зүйл гэвэл, өнгөрсөн зууны эхээр герман эрдэмтэн Дуньхуангийн агуйгаас XIV зууны үед монгол хэлээр бичсэн Македоны Александрын түүх домгийг агуулсан зохиолыг олж илрүүлсэн билээ.
Бас VII зуунд Энэтхэгийн Шантидива гэгч билигт зохиолчийн
санскрит хэлээр туурвисан Бодичара Авадара хэмээх шүлэглэлт номыг XIV зуунд
Чойжи-Одсэр гэгч эрдэмт гүүш монгол хэлээр орчуулсныг бид мэднэ. Тэр үед шашны
ном зохиолоос гадна Субашид хэмээх иргэний сэдэвтэй уран зохиолыг монгол хэлээр
хөрвүүлснийг дурдууштай. Түүнчлэн XIII зуунд монгол үсгийн нэвтэрхий толь бичиг
зохиосон гэсэн мэдээ бий. Үүний сацуу бид хэрэйдийн ван, Нестор шашинт Тоорилд
монгол хэлээр орчуулсан Библь судрын бичмэл ном байсан тухай гадаад дотоодын
эрдэмтдийн ам дамжсан яриаг энэхүү сэдэвтэй холбогдуулан жишээ болгодог.
МНТ зохиолыг хэлбэр талаас нь ажиглавал зохиогч нь Библь
судрын зохиолоос санаа авсан байж болох таамаг магадтай эсэхийг мөшгөн судалбал
улс түмний утга соёлын холбогдлын үүднээс ч сонин байхсан.
Хэрэйдүүд Хятан гүрэнд захирагдсан эсэх нь түүхийн
үүднээс тодорхойгүй. Гэтэл Х.Пэрлээгийн Хятан нарын монголчуудтай холбогдсон
тухай түүхийн номд хавсаргасан газрын зургаас харвал тэдний газар нутаг Хятанд
харьяалагдаж байсан нь илэрхий.
Иймд МНТ-д гарч буй Хэрэйдүүдийн өмнөх хоёр зуугаад жилийн түүх балархай гэж судлаачдын анзаарсан нь үндэслэлтэй бөгөөд Хэрэйдүүд XI зууны эцсээр ч юм уу Мэргид аймгаас тасарч Туул, Сэлэнгэ, Орхон голын сав газраар нүүдэллэн орж ирсэн нь лавтай болж таарч байгаа юм.
Өнгөрсөн зуунд амьдарч байсан Францын монголч эрдэмтэн Поль Пеллио хэрэйдүүдийг монгол байсан уу, монголчлогдох замд орсон түрэг угсаатан байсан уу гэдгийг одоо ч хэлэхэд хэцүү гэж бичиж байж билээ. Тэгвэл Поль Пеллиогоос 700-гаад жилийн өмнөх үеийн Рашид ад-Дин, “Хэрэйдүүдийг Монголын нэгэн төрөл болмуй”[xvi] гэжээ.
Рашид аддинийг Монголын түүхийг бичиж эхлэхээс 45 жилийн
өмнө Монголд зорчсон Ромын Папын элч Плано Карпини бээр Хамаг Монгол, Сү Монгол
буюу Татаар, Мэргид, Мекрит нар тус тусдаа газар нутагтай, тус тусдаа эзэнтэй
боловч нүүр царайны хэв төрх, хэл яриагаараа цөм нэг бөлгөө”[xvii] гэжээ. Энд Плано
Карпини Мэргидийн нэрийг тов тодорхой заасан тул Мекрит нь Хэрэйд мөн болох нь
гарцаагүй.
Рубрук номдоо: “Крит, Мекрит гэж нэрлэгдэх Хархорум хотыг
эзэгнэн суудаг, Нестор мөргөлт нэгэн аймаг” гэсэн нь Гурван голын Монголчууд хэрэйдийг Крит ч гэдэг, Мекрит ч гэж бас нэрлэж байсныг давхар гэрчилж буй.
Чингэхээр Крит, Мекрит ижил нэр мөн болох нь лавтай. Марко-Пологийн номд
угсаатны зүйн холбогдолтой мэдээ баримт хомсхон. Гэхдээ Байгал нуурын сав
газар, Сибирийн ой тайгаар суудаг Мэргидүүдийг Мекрит гэж нэрлэсэн[xviii] байгаа шүү.
Л.Н.Гумилев “Евроазийн түүх хэмээх номдоо, XI зуунд
Онон, Хэрлэн, Сэлэнгийн сав газраар нүүдэллэн орж ирсэн Хэрэйд, Тайчууд,
Мэргидийг түрэгээр биш монголоор ярьдаг байв гэжээ. Чингэхээр Орхон, Туул, Сэлэнгэ мөрний хэрэйдүүд бол
монгол хэлт мэргидийн тасархай гэж үзэх сэжүүр гарч ирж байгаа юм.
Учир шалтгааны үүднээс ярих юм бол Хэрэйд ч, Найман нар ч
монгол гарвалтнууд байсан бол зүйн дагуу монгол хэлээр ярих нь мэдээж. Хэрэв
тэд монголчлогдох замд орсон түрэг угсааныхан байсан юм гэхэд тэр хоёр аймгийн
дийлэнх хүн ам нь монголчууд байсан байж таарах вий. Үүгээр одоогоос зуугаад жилийн өмнөх судлаачдын эргэлзээ
тайлагдана гэж үзэж болох юм.
Нөгөөтээгүүр, эрдэмтэд Хэрэйдийг 1009 оны үед Загалмайн
шашинд орсон гэж үздэг. Хэрэйд, Мэргид, Найман нар ойролцоо цаг үед Нестор
шашинд орсон бололтой. Харин Хэрэйдүүд адил шашинтай, нэг хэл соёлтой Найман
нартай түнжин хагарч үе үе зэвсэгт мөргөлдөөнд хүрч байсан нь Хэрэйдүүд Найман
нартай бэлчээр нутаг булаацалдсанаас үүдэн гарсан байж магадгүй. Тэр хоёр
аймгийн нутаг дэвсгэр чухам хаагуур зааглагдаж байсан нь бүрхэг.
Хэрэйдүүдийг XI зууны сүүлчээр Орхон, Сэлэнгэ, Туулын сав
газраар нүүдэллэн орж ирсэн гэж үзэж байгаатай уялдуулан энд нэгэн зүйлийг
тодотгоё. Үүнд, тэднийг хүн амьдардаггүй эзгүй газар нутагт ороод ирчихсэн гэж
хэлж буй хэрэг биш. Энэ их уудам газар нутагт Түрэгийн эзэнт гүрэн үүсэхээс ч
өмнө, тухайлбал одоогоос 1400-гаад жилийн тэртээ монгол овог аймаг оршиж байсны
нотолгоо гэвэл, одоогийн Булган аймгийн Могод сумын нутгаас олдсон монгол
хэлээр, брахма үсгээр сийлсэн Хүйс толгойн бичээс болно. Монгол хэлний бичгийн
дурсгалыг лав 600-гаад жилээр урагш ахиулсан саях бичээс нь монгол хэлт Нируны
(Жужаны) эзэнт гүрний үед хамаарах бололтой.
Эцсийн дүнд 1206 онд Их Монгол Улсыг бүрдүүлэхэд гол цөм
нь болох Хамаг Монгол буюу Гурван голын монголчуудаас гадна Плано Карпинигийн
нэрлэснээр Сү (усан) Монгол буюу Татаар аймаг, Найман, Хэрэйд, Мэргид ханлиг багтсан нь
тодорхой. Үүн дээр XIII зууны түүхэнд нэрээ дуурсгасан Урианхай, Жалайр,
Хонгирад, Тайчууд, Хатагин, Түмэд зэрэг язгуурын монгол аймгуудыг зүй ёсоор
нэрлэх ёстой.
Францын түүхч Их Монгол Улсын бүрэлдэхүүний тухайд
бичсэнийг дор сийрүүлбэл: “XIII зууны эхээр Монголд монгол хэлт томоохон
овгуудын хажуугаар бас аль нэг хэмжээгээр монголжсон түрэгүүд, тэр ч атугай
язгуурын хэлээ мартахад хүрсэн тунгус нар, мөн иран гарвалтай (Алэнчууд) хүмүүс
ч байсан юм”[xix]
гэжээ.
Аль нэг хэмжээгээр монголжсон түрэгүүд гэдэг нь XIX-XX
зууны өрнөдийн судлаачдын үзсэнээр лав Найман нарыг хэлснээс зайлахгүй.
Алэнчууд (иран гарвалтай)-ын тухайд гэвэл энэ франц түүхч бяцхан будилсан мэт.
Юу вэ гэвэл, Алэнчууд Их Монгол Улс бүрэлдсэнээс 30 гаруй жилийн дараа буюу
1239 онд Мөнх хааны аян дайнаар Монголын эзэнт гүрний мэдэлд орж цэрэгт
дайчлагдаад Бээжинд эзэн хааны харуул хамгаалалтад алба хааж байсан бөгөөд
1396 онд Юань гүрнийг унахад 3000 орчим алэн хүнийг Монголд авчирчээ. Чингээд
Алэнчууд аажимдаа хэл, Христ шашнаа мартаж монголчуудад уусан шингэсэн түүхтэй
юм.
Их Монгол Улсыг 1206 онд тунхаглахад монгол хэлээр
хэлэлцдэг Ойрад аймаг Чингисийн захиргаанд хараахан хамрагдаагүй бөгөөд хойтон жил нь Зүчийн аян дайнаар Монголын эзэнт гүрэнд дагаар орсон.
Рашид аддиний зохиолд Ойрадуудын хэл аялга өвөрмөц шинжтэйг онцлон өгүүлсэн нь
Монгол, Хэрэйд, Татааруудын хэлний аман аялга хоорондоо төдий л ялгагддаггүй,
адилавтар байсных болов уу.
Ийнхүү Их Монгол Улсын бүрэлдэхүүнд олон монгол ханлиг,
овог аймаг багтсан болохоор нийт хүн амын тоо нь хэдий хэр байсан бол гэсэн
асуулт гарч болно. Үүнд, Рашид аддиний тэргүүн ботид, Татаар буюу Сү (усан)
Монгол иргэдийг 70000 өрхтэй байв гэжээ. Татаар аймгийн нэг өрх хамгийн цөөнөөр
бодоход дөрвөн халуун ам бүлтэй гэхэд нийт хүний тоо 280000-аас цөөнгүй байсан
байж таарна.
Францын монголч эрдэмтэн Рене Груссе, XI зууны эхээр
насанд хүрсэн хэрэйд хүн хоёр бум (200000)-д хүрч байжээ[xx] гэсэн буй. Үүн дээр хүүхэд,
хөгшдийг нэмбэл Хэрэйд аймаг лав хагас саяас цөөнгүй хүнтэй байжээ гэж
багцаалж болно. В.В.Бартольд эрдэмтэн, монгол цэргийн тоог 200000-д хүрч байв
гэжээ. Л.М.Гумилевын бичсэнээр, 1206 онд монгол цэргийн тоо 110000-аас
130000-д хүрсэн[xxi]
гэсэн нь Хэрэйд, Найманы цэргийг оролцуулж тооцсон хэрэг ажээ.
Хамаг Монгол аймгийн хүн ам эрт үеэс хурдацтай өссөн
тухайд Рашид аддиний номд өгүүлснийг энд сийрүүлбэл: “Монголчуудыг тэнгэрийн
таалалд багтсанаас хойш (МНТ-д гардаг Добу мэргэн, Алангоо нарын үеэс) дөрвөн
зуу орчим жилийн туршид өдий төдий салбарлаад, бусад бүх ард түмнээс тоогоор
давсан амуй”[xxii]
гэжээ.
Энэ бүх тоо баримтыг эргэцүүлэн бодоход XIII зууны эхээр монгол угсаатны тоо тухайн үеийн түрэг угсаатны тооноос цөөн байв гэж үзэх үндэсгүй.
Тэр тусмаа дэлхий дээрх одоогийн монгол угсаатны тоог түрэг
угсаатныхантай харьцуулж XIII зууны үетэй жишиж төсөөлдөг хүмүүсийн санал
бодлыг магадтайд тооцоход бэрх. Үүнд, аливаа үндэстэн угсаатны хүн амын өсөж
буурах үзэгдэл тэдний амьдралын хэв маяг, байгаль, цаг уур, түүх, нийгэм-эдийн
засгийнх нь хүчин зүйлтэй учир холбогддог нь маргаангүй. Хүн амзүйн үүднээс
ярихад, 800 гаруй жилийн хугацаанд монгол хийгээд түрэг угсаатнуудын тооны
харьцаанд асар их хувирал гарсан нь мэдээж.
Энэ сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрэнд эзлэгдсэн олон
газар нутагт, тухайлбал Зүрчидийн Алтан улс, Умард болоод Өмнөд Хятад, Дундад
Ази, Тангад, Афганистан, Иран, Ирак, Кавказ, Алтан Ордны Улс, Коман-Кипчак
зэрэг оронд дайчлагдан очсон монгол цэргийнхэн хийгээд засаг захиргааны
хүмүүсийн олонх тухайн улс орны шашин хийгээд хэл соёл, зан заншилд аажмаар
уусан шингэснийг XIII зууны монгол хүн амын олон цөөнийг дэнслэн тооцохдоо
эрхбиш харгалзан үзвээс зохино. Жишээ нь, Коман-Кипчакийг эрхшээлдээ авахаар Төв
Монголоос хоёр түмтийг (20000) илгээв гэсэн мэдээ нь 1223 онд Сүбээдэй жанжны
толгойлсон цэрэг тийшээ одсоныг хэлж буй нь лавтай.
Кипчак хэмээх нэр түүхэнд IX зууны дунд үеэр дуулдсан бол
XII зуунд дахин гарч ирээд Монголын эзэнт гүрний үед тодорсон байна. Шинэ
кипчакууд нь чухамдаа хуучин Кипчакийн орыг эзэлж нэрийг нь авсан нүүдэлчдийн
холбоо юмсанжээ. Пеллио эрдэмтэн тэднийг (шинэ кипчакууд) “хятан нартай мах
цусны холбоотой, XII зууны эхээр Дорнод Азиас нүүж очсон язгуурын монголчууд
мөн[xxiii] гэжээ. Коман-Кипчакт очин суурьшсан монголчуудын
дотор Загалмайн шашинтнууд байсныг бодоход тэд лав Найман, Хэрэйд аймгаас
гарвалтай хүмүүс мөн нь магадтай.
Хүн судлалын үүднээс түрэг угсаатныг ерөнхийд нь европ
маягийн төрхтөнд багтаадаг ахул Казах, Киргизүүдийг монгол төрхтөнд
хамааруулдаг нь сая дурдсан жишээ баримтуудаар бас тайлбарлагдах учиртай байх.
Эртний монголчууд Түрэгийг “Хүнхээрийн улс” гэж нэрлэдэг байсан гэж Ц.
Дамдинсүрэн гуай нэгэн бүтээлдээ тэмдэглэсэн бий. Гэтэл эрдэмтэн О.Сүхбаатар
“Монгол хэлний харь үгийн тольдоо Хүнхээр гэдэг үгийг түрэг гарвалтайд тооцжээ.
Тэгэхдээ О.Сүхбаатар уул үгийн уйгаржин үсгийн бичлэгийг латинаар “küngkeger” гэж
галигласан байна. Чухамдаа энэ нь орчин үеийн монгол хэлний хөнхгөр гэдэг үг
мөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар тольд
хөнхгөр гэдэг үгийн уйгаржин (монгол) үсгийн бичлэгийг латинаар khöngkhöger гэж
галиглажээ. Эртний монгол хэлэнд байсан к авиа аажимдаа х авиагаар солигдсоныг
эс тооцвол О.Сүхбаатар, Я.Цэвэл гуай нарын галиг бараг зөрөөгүй ажээ. Гагцхүү О.Сүхбаатар нар саях үгийг кирилжин монголоор буулгахдаа одоогийн аман аялгуунд
таацуулан хүнхээр болгочихсон бололтой. Зүй нь хөнхгөр, хүнхгэр гэх ёстой
байсан гэмээр. Орчин цагийн монгол хэлний хөнхөр, хүнхэр, ёнхор гэдэгтэй адил
утга бүхий хөнхгөр гэдэг энэ үгээр эртний монголчууд түрэг угсааны хүмүүсийг
нүдний тогтоц, хэлбэрээр нь зүйрлэж нэрлэсэн байх гэж бодож байна. Түрэг, монгол
угсаатны ялгаа Хүн судлалтай бас холбогдоно гээд байгаагийн нэг учир энэ.
Монгол угсаатан 1206 оноос өмнө ч тарж бутарч байсан
хэдий боловч Чингисийн Их Монгол улсын гол цөм нь болж үлдсэн түүх монгол
судлал анх Перс, Франц, Хятадад үүсэж хөгжсөн XIII-XIV зууны үеийн болоод
түүнээс хойших үеийн эрдэмтдийн судалгаа шинжилгээгээр маргах зүйлгүй.
Гийом де Рубрук, монголчууд өөрсдийгөө татаар гэх зэргээр
дуудахад таагүй, “моалууд гэж нэрлүүлэх дуртайг” номдоо өгүүлсэн нь монгол хэлт
хүн ам Их Монгол улсын гол тулгуур байсныг гэрчлэх дурдууштай нэгэн баримт
болно. Моалууд гэдэг нь Рубрукийн орос сурвалжаас авсан нэр бөгөөд оросоор өмнө
нэр гарсан дагуур хэмээх монгол овогтныг даур гэж дуудаж бичдэгтэй адил орос
хэлний авиа зүйн нэгэн онцлог бололтой. Их Монгол улс байгуулагдсанаас 17
жилийн хойно Хархорумд ирсэн Рубрук Алтан Ордын улсын нэгэн монгол ноён Скатайн
эзэмшил нутагт хөл тавьсан цагаасаа эхлэн язгуурын монголчуудын, тухайлбал
түрэг угсаатнаас ялгарах онцлог, амьдралын хэв маяг, шашин, соёл, зан заншил
тэргүүтнийг нарийн ажиглан номдоо бичиж үлдээсэн нь Монголчууд нутаг орондоо
нэгэнт эзэн болчихоод байсныг гэрчлэхийн сацуу ерөөс Рубрукийн ном одоогийн
монголчуудын ёс, хэв заншил зэргийг эртнийхтэй нь харьцуулан судлахад эрдэмтдэд
чухаг эх сурвалж болсоор буй.
Тэр элчийг Монголд ирэхэд эзэнт гүрэн нэгэнт батжин засаг
захиргаа нь төвхнөөд монгол хэл зүй ёсоор албан ёсны хэл нь болж амьдралын
бүхий л хүрээнд хэрэглэгдэж байсныг аян замын тэмдэглэлээс нь түвэггүй мэдэж
болно. Түүнийг Хархорумд байх үеэр олон шашинтнууд ном хаялцахад монгол хэл
харилцааны хэл болж хэрэглэгдсэн жишээтэй. Тэр ч учраас Рубрук бүтэн нэг жил
гаруй хугацаанд тус хотод саатахдаа монгол хэл сурах гэж мэрийн хичээж байсан
хэрэг биз ээ.
Чингис хаан бээр эрхэм чухаг санагдсан санаа бодлоо
бичээчид хэлж тэмдэглүүлэн “билиг сургаал”-аас эхтэй, улмаар Эзэнт гүрнийг
бататгахад чиглэсэн, олон үндэстний хэлэнд Яса хэмээн нэрлэгдсэн “Их засгийн
хууль” хийгээд уран зохиолын дурсгалын хувьд хэлний дүрслэх, хийсвэрлэх чадлыг
гарамгай илтгэсэн Нууц товчоо зохиолыг монгол хэлээр туурвижээ. Энэ тухай дээр
цухас өгүүлсэн. Энэ бүхэн дээр “Чингисийн чулууны бичиг” болон Гүег хааны
тамгын бичээс, монгол хааны хөшөөний бичиг, дөрвөлжин үсгээр буй бичгийн дурсгалууд
нэмэгдэж таарна.
Чингисийг залгамжлагч их хаадын монгол, перс, хятад,
араб, түрэг хэлээр бичсэн 90 орчим түүхэн баримт бичиг дэлхий дахины эх бичиг
судлалын эргэлтэд аль хэдийнэ орсон байх бөгөөд үүний дотроос Хувилай, Хувилайн
хүү Мангал, Дармабалын хүү Хайсан, Аюурбарибад, Тогоонтөмөр нарт хамаарах
дөрвөлжин үсгийн баримт бичгүүд судалгааны үүднээс нэн сонирхолтой.
Түүнчлэн Илхаан Аргун, Өлзийт нараас Францын их ван Гоо
Филиппт, Гүег хаанаас Плано Карпинигаар дамжуулан Ромын Папт, мөн Мөнх хаанаас
Францын их ванд явуулсан захидлууд монгол хэл олон улсын харилцааны хэл болж
дэвшсэнийг харуулах түүхэн баримт бичгүүд мөн юм.
Тэр ч атугай монгол хэл тухайн цаг үед Египет, Алтан
Ордын улсын дипломат харилцааны хэл болж байсныг[xxiv] цохон дурдууштай. Араб,
Персийн эх сурвалжаас үзэхэд, 1260-1430 оны хооронд Египетийн Мамлюкуудын удаа
дараагийн Султан нар Алтан Ордын хаадтай элчин сайдаа солилцох зэргээр эвтэй
найртай байхыг эрмэлзэж гол төлөв монгол хэлээр бичсэн захидлаар харилцсан
бөгөөд чингэхдээ монголчуудын хэл, зан заншлыг гаргууд мэддэг нутаг нэгт
түшмэдүүддээ тулгуурлаж байсан ажээ.
Толь бичиг бол тухайн хэлний хөгжлийн түвшинг илтгэдэг
нэгэн шалгуур гэж үзвэл XIII-XV зуунд араб-монгол, монгол-перс, түрэг-монгол
толь, "Хуа ии ию" хэмээн алдаршсан Монгол-нанхиад толь бичиг зохиогдсоныг энд
тэмдэглүүштэй.
Бүр хожим Манж Дайчин улсын үед монгол хэлний Хорин нэгт
тайлбар толь, Манж, төвөд, монгол, уйгар, хятад таван хэлний толь бичиг
зохиогдсон.
Монгол хэлний арвин баялгийг илтгэсэн нэгэн жишээ гэвэл эрдэмтэн Б.Сумьяабаатар энэхүү таван хэлний толь бичгийг нарийвчлан судлаад уул толийн толгой үг нь манж биш, монгол болохыг олж тогтоосон байна.
XVI-XIX зууны Монгол орныг түүхчид Энэтхэг-Төвөдийн соёлын хүрээнд хамааруулсны учир гэвэл тэр цаг үед шашны төдийгүй иргэний сэдэвтэй ном судар өрнүүн дэлгэрсэнд оршино. Буддагийн сургаал, шашны гүн ухааны 108 боть Ганжуур хэмээх судрыг монголчууд 1629 онд бүхэлд нь орчуулж дуусгажээ. Улмаар уран зохиол, толь бичиг, хэлзүй, гүн ухаан, газарзүй, урлагийн ухаан, одон орон судлал зэрэгт холбогдох зохиолоос бүрдэх Данжуурын 225 ботийг XVIII зуунд монгол хэлнээ бүрэн хөрвүүлжээ. Данжуурт нийтдээ 3427 зохиол багтсан буй. Буддизм бол нэг талаар шинжлэх ухаан мөн гэдгийн нотолгоо Данжуур хэмээх энэ хөлгөн судраас ч мэдэгддэг гэж баттай хэлж болно.
Буддагийн шашин Монголд нэвтэрснээр монгол хэлэнд олон
төрлийн эрдэм ухаанд холбогдох санскрит, төвөд гарвалтай үг, нэр томьёо орж
ирээд уг хэлийг шинэ саналга, шинэ ухагдахуунаар баяжуулсан түүхтэй байна.
Санскрит гаралтай үг өмнө нь Уйгараар дамжин манай хэлэнд нэвтэрч байсан гэдэг
билээ. Өнгөрсөн зууны монголч эрдэмтэн О.Сүхбаатарын зохиосон “Монгол хэлний
харь үгийн толь” бүхэлдээ 2400 орчим үгтэй. Тоолж үзвэл энэхүү тольд багтсан
үгийн бараг тал хувь нь (48,7%) санскрит, төвөд гарвалтай үг байна. Үүнд 430 үг
нь санскрит бол төвөд гарвалтай үг нь 740 орчим.
Саях тольд тусгагдсан үгийн 50 гаруйхан хувь нь хятад,
түрэг, манж, орос, перс зэрэг хэлнээс орж ирсэн байна. Чингэхэд, монгол хэлэнд
нэвтэрсэн хятад үгийн тоо нэг мянгаас хол илүү гарахгүйг судлаачид шинжилж
тогтоосныг дурдалтай.
Толь бичгийнхээ өмнөтгөлд Сүхбаатар агсан эрт дээр үеийн
бичгийн дурсгалаас авахуулаад эдүгээг хүртэл монгол бичгийн болон аман зохиол,
ярианы хэлэнд хэрэглэгдэж ирсэн хуучин, шинэ үгийн зонхийг багтааж чадсаныг
цохон дурдсан байх бөгөөд хэл шинжээчдийн тооцсоноор, монгол хэлний үгийн санг
лав нэг бумаас (100000) наашгүй гэдэг бол 1921 оноос өмнө нэвтэрсэн харь үгийн
тоо 2400-аас хол илүүгүй байгааг бодоход язгуур монгол хэлний бат суурьтай нь
мэдэгднэм бус уу.
БНМАУ-ын үед шинжлэх ухааны олон салбарт хамаарах 150 000
орчим нэр томьёог шинээр зохиосны дийлэнх олон нь монгол хэлний үгийн баялаг
санд тулгуурласныг энэ дашрамд дурдууштай.
Монгол хэл яруу сонсголонтойгоос гадна дээр өгүүлснээр
үлэмж их үгийн сантай, уян хатан, нэр үг болоод үйл үгээс шинэ утга санаа
агуулсан үг бүтээх боломж төгөлдөр нь аль ч хөгжингүй хэлнээс дутахааргүй бие
даасан шинж чанартайг давхар илтгэн харуулж байнам.
XIX зуунд монгол хэл улам урагш давшин хөгжсөний тусгалыг
товчоор өгүүлбэл, аман зохиолын олон төрөл зүйлд болон тодорхой жишээгээр
Ванчинбалын Инжинашийн иргэний сэдэвт роман, яруу найраг, Данзанравжаагийн утга
уянгын шүлгүүд зэргээс мэдэж болно. Инжинаш эх хэлдээ туйлын хайртай, шударга
хүний хувиар, хэд гурван хятад үг үсэг гадарлахтайгаа зэрэг монгол хэлээ үл
тоомсорлогч харьяат газрынхаа зарим нэг иргэний ухваргүй, зусар бялдууч занг
элэглэн шоолж, монгол хэл ямар ч санааг илэрхийлэх чадалтай гэдгийг харуулахаар
Хөх судар зэрэг романаа туурвисан гэдэг. Тэр үеэс эрт эдүгээгийн гайхамшигт
сайхан үзэгдэл, Гурван улсын судар гэх зэрэг Хятадын алдарт романуудын орчуулга
монгол хэлний илэрхийлэх чадлыг өв тэгш илтгэснээрээ бичиг үсэгтэй сэхээлэг
хүмүүсийн ширээний ном болж байсныг утга зохиол судлаачид тэмдэглэн үлдээжээ.
XX зууны дунд үед Монгол Ард Улсад эртний герег үсгээс
эхтэй кирилл бичгийг улсын бичиг болгосон нь XIII зуунд Германд гот үсгийг, XX
зууны хориод онд Туркт араб үсгийг халж латин үсгээр орлуулсантай адил шинэтгэл
болсон гэдэг. Мөн учир нь Орос болон Европ зүгийн соёлыг баримжаа болгоод
монгол хэлээ шинэ эрин үед төгөлдөржүүлэх гэвэл аль бичиг үсэг тохиромжтой
агаад өргөн олны сурч боловсроход дөхөмтэй вэ гэдэг асуудал одоогоос ная гаруй
жилийн өмнө босч ирээд эцсийн бөлөгт энэ кирилл бичгийг авч хэрэглэснээр
шийдэгдсэн түүхтэй юм байна. Үүнийг шинэ цаг үеийн учир холбогдлоор
тайлбарлахдаа одоо цагийн монгол хэлэнд гарсан дэвшил хөгжил чухамдаа энэ бичиг
үсэгтэй уялдаатайг умартаж үл болно.
Гагцхүү үсгийн дүрмийг нь алдартай хэл шинжээчдийн үзсэнээр,
залгамал монгол хэлний зүй тогтоолд нийцүүлэн боловсронгуй болгох ажил эдүгээ
эзнээ хүлээж буй гэнэм.
Монгол хэл орчин цагийн шинжлэх ухаан, урлаг, уран
зохиолын хэл болж өргөн олны оюуны хэрэгцээг бүрэн хангах тэнхээтэйгээ
харуулсан нь монголчуудын хэдэн мянган жилийн туршид туулж ирсэн хатуу ширүүн
амьдралын туршлага, үндэстний хувьд мөн чанараа алдахгүйн төлөөх тэмцэл,
нүүдэлч малчин түмний ахуй амьдралын олон талт хэв шинж, харь соёл иргэншилтэй
харилцаж ирсний тусгал, бас байгаль ертөнц, уудам их орон зайн сэтгэхүйд
нөлөөлөх ид шид, энэ бүгд уул хэлэнд цогцлон шингэжээ гэж үзэж болно.
2024 оны есдүгээр сар
[i] Щербак А. Н. О характере лексических
связей тюркских, монгольских и тунгусо-маньчжурских языков. _В. Я. 1966, №3
[ii] Л. Л. Викторова. Монголы. Происхождэние народа
и истоки культуры. М; 1980.
[iii] Мөн тэнд
[iv] Ринчен. Монгол Ард Улсын хамниган
аялгуу. УБ; 1969.
[v] Грумм Гружмайло Г. Е. Когда
произошло и чем было вызвано распадение монголов на восточных и западных. Изв.
Русско-географического общества, 1938, Э. 16. стр. 69.
[vi] Франц болон бусад гадаад хэлээрх
Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн эмхэтгэл. Т. Төмөрхүлэгийн
орчуулга. УБ; 2006 он.
[vii] Chantal Lemercier-quelquejay. La paix
mongole. Flammarion, 1970, p. 115.
[viii]
IUU Journal, vol.9, №2 (24)
2023, SPRINA.
[ix] Л. Н. Гумилев. Древние тюрки. М; 1993.
[x] René
Grousset. L’ Empire des Steppes. Payot, Paris, 1960, p. 245.
[xi] Авдиев В. И. История древнего Востока, М; 1953, стр. 143
[xii]
René Grousset. Le Conquérant du monde. Editions Albin Michel, 1944, p. 330.
[xiii]
Л. Н. Гумилев. В поисках
вымышленного царства. Санкт-Петербург, 1994, стр 151-152.
[xiv] Үзэх зохиол: Гийом де Рубрук.
Монголын эзэнт гүрэнд зорчсон нь. УБ; 2000 он
[xv] Г. Д. Санжеев. Сравнительная
грамматика монгольских языков. I том, Москва; 1959, стр. 6-7.
[xvi] Рашид аддин. Шашдирын чуулган.
Тэргүүн боть. Г. Акимын орчуулга, УБ; 92 дэхь тал.
[xvii] Жиованни Дель Плано Карпини.
Монголчуудын түүх. Ц. Шагдарсүрэнгийн орчуулга. УБ; 1988, 26 дахь тал.
[xviii]
Le Livre de Marco Polo ou le Devisement du Monde. Editions Michel, 1968, p.
131.
[xix]
Chantal Lemercier-quelquejay. La paix mongole. 1970, p. 16. Editions
Flammarion.
[xx] René
Grousset. L’ Empire des Steppes. Paris, 1960, p. 298.
[xxi] Л. Н. Гумилев. В поисках
вымышленного царства. Санкт-Петербург, 1994.
[xxii] Рашид аддин. Шашдирын чуулган.
Тэргүүн боть. Г. Акимын орчуулга, УБ; 2020 он, 43 дахь тал.
[xxiii]
Pelliot. A’ propos des Comans, II Journal asiatique, avril-juin, 1920, p. 149.
[xxiv]
V. V. Barthold. La découverte de L’Asie. Traduit du russe par B. Nikitine.
Paris, 1947, Payot.