ЗАВХАН: Алдархаан сум хадлан бэлтгэлээр тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-06 17:40:50

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн байдлаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай, бэлтгэсэн хадлан өмнөх оны мөн үеэс 87.1 хувиар өсжээ.


Аймгийн хэмжээнд 9293.6 тонн хадлан бэлтгэж, 5998.2 тонн таримал тэжээл хураан аваад байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 4326.6 тонн буюу 87.1 хувиар өссөн байна.


Аймгийн 24 сумаас Алдархаан сум хамгийн их буюу 175.0 тонн таримал тэжээл, 2500.0 тонн хадлан бэлтгэжээ. Баянтэс, Тосонцэнгэл, Нөмрөг, Баянхайрхан сумууд өнгөрсөн жилээс 2.6 дахин их хадлан бэлтгэсэн байна.


Завхан аймаг нийт 61.8 мянган га эргэлтийн талбайтай үүнээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа эргэлтийн талбай 12.8 мянган га, атаршсан 49.0 мянган га тариалангийн талбай байна.


2024 онд аймгийн хэмжээнд 604 өрх, 95 аж  ахуйн нэгж үр тариа-2285га, тэжээлийн ургамал-5455.6га, төмс-178.4 га, хүнсний ногоо-157.01 жимс жимсгэнэ-4.01 га нийт 8076.0 га-д тариалалт хийгээд байна. 


Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангаас 150.0 сая төгрөгөөр тэжээл худалдан авахаар худалдан авах ажиллагааны газарт тендер зарлуулсан байна.   


Тариалсан талбай гэж хөдөө аж ахуйн ургамал тариалсан талбайг хэлэх бөгөөд тухайн жилд үр суулгасан газрын нийт хэмжээгээр тодорхойлогддог. Нийт хураасан ургац нь тариалсан бүх талбайгаас хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, техник, тосны ургамал зэрэг таримал ургамлын хэмжээгээр тодорхойлогдоно.


Га-гийн ургац гэж талбайн нэгжээс /1 га-гаас/ авах газар тариалангийн бүтээгдэхүүний /ургацын/ хэмжээ юм. Га-гийн ургацыг тодорхойлохдоо нэг төрлийн ургамал тариалсан талбайгаас хураан авсан бүх ургацыг тариалсан талбайн хэмжээнд харьцуулж гаргадаг гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Завхан аймаг Баянтэс сум

Холбоотой мэдээ