БАЯНХОНГОР: Салбар комиссын гишүүдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-06 14:51:04

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтыг Баянхонгор суманд зохион байгууллаа. Сургалтыг Хүүхдийг ивээх сан, Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хүрээнд хийсэн байна.

Сургалтаар салбар комиссын гишүүдийн чадавхыг нэмэгдүүлж, салбар комиссын үүрэг, хариуцлагын талаар бүрэн ойлголттой болох, үр дүнтэй хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг олголоо.


Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сарын 30-наас эхлэн, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж буй. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм. Амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлэх юм байна.


Тус төсөл Баянхонгор аймгийн "Энхбүрд" Өрхийн эрүүл мэндийн төв, 16 дугаар цэцэрлэгт хэрэгжиж байгаа бөгөөд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой үйл ажиллагааг өрнүүлж байгаа юм.


Ташрамд, Баянхонгор аймаг 90 мянга орчим иргэнтэйгээс 4000 шахам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Дээрх иргэдийн 1498 нь төрөлхийн, 2490 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас олдмол хөгжлийн бэршээлтэй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл, ердийн өвчин 77 хувь, ахуйн ослоор 15 хувь, үйлдвэрлэлийн осол 1 хувь, зам тээврийн осол 4 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчин 3 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ