БАЯНХОНГОР: Ирэх сард нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтсээс арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвийг тооцоолон гаргажээ.
Мэдээллээр, 11 дүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөлөө.
Ирэх сард агаарын дундаж температур Баянхонгор аймгийн хойд нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаан байх бол хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.