НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-31 11:23:21

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” одонг хүртээхээр шийдвэрлэсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээллээ.


Тэрбээр, “НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол-Солонгос хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнчлэн 2009 онд манай улсад айлчлахдаа хоёр орны харилцааг бүхий л талаар ахиулахад анхаарч, өөрийн хувь нэмрийг оруулсан. Үүний зэрэгцээ НҮБ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол манай аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ болон Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд олон арван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж байв.  


Мөн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, сэргээгдэх эрчим хүч, цөлжилтийг бууруулах зорилтын хүрээнд олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжихэд НҮБ болон Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар ихээхэн дэмжиж ирсэн. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу байгуулсан Ногоон хөгжлийн сан манай улсад 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгохоор болж, тодорхой ажлууд хэрэгжилтийн шатандаа явж байна. Мөн түүний тэргүүлдэг Дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгоод буй.


Түүгээр зогсохгүй тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, улмаар НҮБ болон манай цэнхэр дуулгатан хоорондын харилцааг шинэ шатанд гаргаж, монгол цэрэг дэлхийн энх тайвны үйлсэд оруулах хувь нэмрийг өргөжүүлсэн. Дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоож ирсэн. Мөн дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон санал санаачилгыг гаргасан юм.


Түүний бий болгосон хоёр том “өв” бол Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр юм. Дэлхийн бүх улс орны удирдагчид Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж, 2030 он гэхэд уг зорилтыг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг аваад буй. Манай улсын хувьд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг УИХ-аар баталж, хөгжлийнхөө луужин болгон ажиллаж байна. Түүнчлэн тэрбээр Парисын хэлэлцээрийн автор юм. Тус хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийн эсрэг цогц арга хэмжээ авч ажиллах нь дэлхий нийтийн ногоон хөгжлийн гол чиг баримжаа болоод буй билээ. Тэрбээр хоёр улсын харилцаа болоод дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул түүнийг “Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэсэн” хэмээлээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээллийнхээ үеэр, "Чингис хаан" одонг Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд гардуулдаг. Хоёрдугаарт, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд олгодог" гэдгийг тодотгосон юм. 


“Чингис хаан” одонг хамгийн анх 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байв. Энэхүү шагналыг гадаад иргэдээс анх удаа 2022 онд АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд хүртсэн билээ.

 

Холбоотой мэдээ