Монгол Улс мэдээллийн технологийг экспортлох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны 6 дугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуультай болсон. Энэ нь мэдээллийн технологийн экспортыг хийх боломжийг олгох үүд хаалга болж буйг Мэдээллийн технологийн Үндэсний паркийн захирал Ж.Золзаяа хэлж байна.
Тэрбээр, Мэдээллийн технологийн Үндэсний паркт өнөөдөр болсон Монгол Улс, БНСУ-ын мэдээлэл, технологийн салбарын компаниудын бизнес уулзалтаар дээрх хуулийн талаар танилцуулж, хуулийн хүрээнд старт-ап компаниуд болон IT-ийн үйлдвэрлэл эрхэлж буй залуучуудыг татварын бус болон татварын хөнгөлөлтөд хамруулах зорилготой виртуал зоны Үндэсний зөвлөлийг байгуулаад байгааг мэдээлсэн юм.
Уулзалтаар хоёр талын
төлөөлөл гарааны бизнес, эко систем, хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн талаар ярилцаж
санал солилцож, туршлага хуваалцан хамтран ажиллахаар болов.
БНСУ-д AI технологи асар хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн индексээр олон улсад 7 дугаарт яваа бол манай улс 92-д эрэмблэгдэж байна. Тиймээс бидэнд харилцан суралцах, туршлага болох зүйл их байна. Энэ боломжийг өнөөдрийн уулзалт нэг талаар өглөө хэмээн зохион байгуулагч нар хэллээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд
мэдээлэл, технологийн салбар түлхүү хурдацтай хөгжиж буйтай холбоотой гадаадын улс орнуудын салбар нэг, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах
хүсэлтэй их илэрхийлсэн болсон. Бид Сингапурын энэ чиглэлийн бизнесийн
байгууллагатай нэлээд хэдэн жил хамтран ажиллаж байгаа бол энэ удаа БНСУ-ын IT-ийн
компаниудын төлөөлөл манай улсад ирж харилцаа, холбоо тогтоон үйл ажиллагаагаа
танилцуулж байна гэв.
Монгол-Солонгосын мэдээлэл
технологийн бизнес уулзалтад БНСУ-аас IT-ийн болон хөрөнгө оруулалтын, мөн инновацын
чиглэлийн 7 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Манай улсаас “Брайтон”, “Метаког
метрикс”, “Эрин систем”, “Monyatravell”, “Tetra FX studio”, “Смарт контракт”
зэрэг үндэсний мэдээллийн технологийн компаниудын төлөөлөл оролцлоо.
Уулзалтыг Цахим хөгжил,
инновац, харилцаа холбооны яам дэмжин Мэдээллийн технологийн Үндэсний парк зохион
байгуулсан бөгөөд тус парк Монголын мэдээлэл, технологийн салбарыг олон улсад
төлөөлдөг байгууллагын хувьд IT-ийн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө
оруулалт, үйл ажиллагааны мэдээллийг улс орнуудаас авч, өөрийн орны хувийн хэвшлийнхэнд
дамжуулан холбож өгөн ажиллаж байгаа аж.