Гамшгийн хор, уршгийг арилгахад 100 сая төгрөг зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. УОК-оос Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгахад 100 сая төгрөг гаргана.
Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 сум зудтай, нэн хүнд байсан бол энэ зун 15 суманд гангийн эрсдэл их байлаа. Энэ өвөл ч хүнд байх төлөвтэй тул аймгийн Онцгой комиссоос өвлийн бэлтгэл хангахад шаардлагатай арга хэмжээ авч байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тэмдэглэжээ. Тэрбээр, "Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулан, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Ирэх 4 жилд 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн. Ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татахад анхаарахын зэрэгцээ хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалахаар батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, зардлыг улсын төсөвт суулгахыг зорьж байна. Энэ талаар малчдад мэдээлэл сайн өгч, хамтран ажиллах хэрэгтэй” хэмээснийг ОБЕГ мэдээллээ.