ХӨВСГӨЛ: Номын баярыг угтаж 7800 гаруй хүүхэд, залууст хүрч үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. МУСГЗ Далантайн Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай номын баярыг 36 дахь удаагаа өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан 7 дугаар сараас эхлэн "Номд хөтлөх ухаан" боловсролын хөтөлбөр, тэргүүний уншигч шалгаруулах, чөлөөт уншлага, номын үзэсгэлэн, шинэ, хуучин номын худалдаа, гадаад номын чөлөөт худалдаа, “Ургаа мэдье - Удмаа судалъя” үзэсгэлэн зэрэг хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулж, 7800 хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.
Өнөөдөр номын баярын үеэр шилдгүүдээ тодруулан шагнаж, “Хамтдаа уншъя хамтдаа хөгжье” чанга уншлага, урилгатай уншлага хийж, “Үлгэрийн ертөнц” театрчилсан тоглолтын шилдгүүдийг уншигч хүүхдүүдэд үзүүллээ.
Хөвсгөл аймгийн Нийтийн номын санг 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн
клубийн дэргэд байгуулж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн
авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй
мянган номын фондтой Номын сан мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа
явуулж байна.