С.Солонго: Уншиж судлаад, учир холбогдлыг нь олоод бөглөбөл илүү үр өгөөжтэй юм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-18 17:41:21

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймагт 4 ээлжээр зохион байгуулж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл төрийн албаны энэ оны 3 дугаар улирлын ерөнхий шалгалтыг 8:30 цагт амжилттай эхлүүлсэн.

 

Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөх 118 иргэн бүртгүүлсэн байна.

 

Эхний ээлжид хуваарийн дагуу шалгалт өгсөн иргэдээс 9 шалгуулагч тэнцсэн байна. Зарим оролцогчийн сэтгэгдлийг хуваалцлаа.

 



Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн С.Солонго: Шалгалт 3 үе шаттай явуулж, 100 минутад 100 тест ажиллаж мэдлэгээ шалгууллаа. Миний хувьд тестийн ном, Т-тест аппликейшн хоёрыг ашиглаж шалгалтаа бэлдсэн. Богино хугацаанд өөрийгөө дайчлан бэлтгэж шалгалтдаа тэнцлээ.

 

Энэ шалгалт маш өргөн цар хүрээг агуулсан байна. Ерөнхийдөө механикаар цээжлэхээсээ илүүтэйгээр яг бодит байдлаар хуулиа уншиж судлаад, учир холбогдлыг нь олоод бөглөбөл илүү үр өгөөжтэй юм байна.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Х.Оюунцоож:

 

-Би төрийн албаны ерөнхий шалгалтыг анх удаа өгч байна. Маш өндөр хараа хяналтын дор шалгалт явагддаг юм байна. Орон даяар нэгэн зэрэг энэ шалгалт явж байгаа болохоор бусад аймгийн шалгалтыг бас энд дэлгэцээр шууд дамжуулалттай харуулдаг юм байна.

 

Шалгалтын комиссынхон шударга хараа хяналттайгаар шалгалтыг явуулж байна. Өнөөдрийн шалгалтад тэнцээд гарч ирсэндээ маш өндөр сэтгэгдэлтэй байна.

 

Шалгалт хууль, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологи гэсэн хичээлүүдийн агуулгатай байгаа. Хасагдсан хүмүүсийн тухайд бэлтгэл хангалтгүй байсан болов уу. Миний хувьд 10 гаруй хоног ажлынхаа хажуугаар бэлдсэн. Т-тест, Е-таз гэсэн манай төрийн албан хаагчийн аппликейшнүүд дээр ажиллаж, мөн онлайн сургалтад хамрагдсан байгаа.  

 

Шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ