СЭЛЭНГЭ: Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-16 11:24:12

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 16 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар, агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ.

 

Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль анх 1921 оны 10 дугаар сард Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Тамгын хоолойд хошуу тамгын мээрэн түшмэл асан Бавуудорж, Гаваа зайсан, Бат-Очир нарын санаачилгаар анхны шаваа тавьжээ.

 

Түүний дараа 1923 онд хуралдсан хошуу захиргааны Засаг, засаг бус ван гүнгүүдийн хуралдааны шийдвэрээр хошуу тамгыг Илдэн сумын Норовбанзадын хөндийд залах шийдвэр гаргасны дагуу 1924 онд хошуу тамгыг залж анх 14 сурагчтай бага сургуулийг үүсгэн байгуулсан гэх түүхэн эх сурвалж байдаг.

 

Улмаар 1928 онд Муухүүгийн Цэвээндорж "Багшийн сургууль" төгсөж анхны шинэ үсгийн багшаар ажиллаж байжээ.

 

Өнөөдөр түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус сургуулиас олон арван алдартан гавьяатнууд төрөн гарсан байна.

 

Тодруулбал, БНМАУ-ын баатар, агаарын домогт шонхор Д.Дэмбэрэл, Монгол Улсын мото спортын анхдагч, Зууны шилдэг дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Л.Баасанжав, Монголын үндэсний бөхийн түүхэнд өөрийн дархан дүүгүүрдэх мэхээрээ мөнхөрч үлдсэн Монгол Улсын начин Ч.Мөнхтогтох, Монгол Үндэсний шагайн харвааны Улсын мэргэн М.Олонбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Бадрал нар юм.

 

Мөн тус сургуулийн багш нараас анх төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор багш С.Сүрэнжав шагнуулж байсан байна.

 

Зүүнбүрэн сум ирээдүй хойч үе түүхэн алдартнуудаараа бахархаж, үйл хэргийг нь мөнхөд дурсаж явах зорилгоор 2000-2004 оны аймгийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлж, 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор БНМАУ-ын баатар Д.Дэмбэрэлийн нэрэмжит болжээ.

 

Холбоотой мэдээ