Олимпын аварга цаначин сэргээшийн асуудалд холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-10-14 10:47:47

ХЕЛЬСИНК./TASS/. Гүйлтийн цанын Олимпын аварга, Норвегийн тамирчин Тереза Йохауг сэргээшийн асуудалд холбогдсон тухай тус улсын NRK телевизийн суваг мэдээллээ.

Өнгөрсөн сарын 16-нд түүнээс авсан сэргээшийн сорилоос клостебол гэдэг хориотой бодис илэрсэн бөгөөд энэ тухай түүнд энэ сарын 4-ний өдөр дуулгасан аж.

Норвегийн Цанын холбооны мэдэгдэлд дурдсаныг үзвэл, уг хориотой бодис нь "Трофодермин" гэдэг түрхдэг тосоор дамжин цаначны бие организмд нэвтэрчээ. Энэ тосыг Йохауг 8 дугаар сард Италид цугларалтад гарсан үедээ наранд түлэгдэхээс хамгаалан уруулдаа түрхсэн байж.

Тамирчин ярихдаа “би ийм хүнд байдалд ороод үнэхээрийн их мэгдэн сандарсан. Хэдийгээр эм хэрэглэхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй боловч сэргээштэй холбоотой ийм асуудлыг харамсмаар шударга бус зүйл гэж үзэж байна” гэлээ.

Болсон явдлын хариуцлагыг өөртөө хүлээнэ гэдгээ тамирчин бүсгүйн эмч Фредрик Бендиксен мэдэгдсэн байна. “Одоо Терезаг шийтгүүлэхгүйн тулд бүхнийг хийх хэрэгтэй боллоо. "Трофодермин" хэрэглэхийг хориглоогүй гэж би түүнд хэлснээс болж асуудал үүслээ” гэж тэрбээр ярьжээ.  

Өдгөө 28 настай Йохауг 2010 онд Канадын Ванкуверт болсон өвлийн Олимпын наадамд аваргалсан бол Сочид мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Түүнээс гадна ДАШТ-нд 7 удаа, Дэлхийн цомд хоёр удаа түрүүлж байжээ.

Б.Адъяахүү
 

Холбоотой мэдээ